Нийслэл дэх хамгийн эртний барилга нь 258 жилийн өмнө баригдсан “Данбадаржайлин” хийд. Түүхэн дурсгалт барилга, байгууламж нь соёлын томоохон өв төдийгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй архитектурын түүхэн дурсгалт барилга байгууламжийн дийлэнх нь сүм хийд байна.
Манай улс түүхэн хөгжлийнхөө явцад гурван нийслэл хотыг байгуулж байжээ.
· 1921 оноос өмнөх Богдын хүрээ
· 1921-1990 он хүртэлх соцциалист Улаанбаатар
· 1990 оноос хойш өнөөгийн бидний байгуулж буй Улаанбаатар хот
Тэгвэл өнөөдрийн байдлаар Богдын хүрээнээс 22, соцциализмийн үеээс 30 гаруй барилга үлджээ. Жишээ нь Дуурь, Драмын театр, Төв номын сангийн барилга баригдсанаар орчин үеийн хот байгуулалтын түүх эхэлсэн гэж үздэг байна. Өнөөдрийн байдлаар эдгээр барилгуудын дийлэнх нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалж элэгдэх, зарим тохиолдолд хүний нөлөөгөөр сүйдсэн байдаг. Түүхэн дурсгалт барилгуудын архитектур чимэглэл нь нарийн хийцтэй байдаг учир сэргээн засварлахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, 2-3 жилийн хугацаа шаардагддаг байна. Мөн манай улсад сэргээн засварлалтын мэргэжлийн 2-3 компани нь л үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс салбар яамнаас 3-4 жилийн төлөвлөгөө гарган эхний ээлжид Богд хааны музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэлээ.
Дэлхийн ихэнх улс орнууд тавиас дээш жил болсон барилгын хэлбэр загварыг алдагдуулалгүй, өнгө үзэмжийг сэргээж ашиглахад ач холбогдол өгдөг байна. Улаанбаатар хот анх байгуулагдсан 384 жилийн түүхэн дэх олон барилга, байгууламжаас өнөөдрийн байдлаар 50 гаруй нь л үлдсэн. Тиймээс ч цаашид түүхэн дурсгалт барилга байгууламжийг хамгаалах шинэ тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлж байна.
Хэдийгээр байгалийн болон нийгмийн хүчин зүйлээс болж дурсгалт барилгууд сүйддэг ч иргэдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж эрсдэл учирдаг байна. Иимд соёлын дурсгал, түүхийг агуулсан бүтээн байгуулалтаа хаа хаанаа хайрлан хамгаалахад анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байна.