УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” бүжгэн жүжиг анх удаа 32 хунтайгаар тоглогдоно
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Дуурийн театрынхан түүхэн ойн жилийн уран бүтээлийн шинэ улирлаа “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ анх удаа дэлхийн стандартад нийцсэн буюу 32 хунтайгаар тайзнаа тоглохоор бэлтгэж байгаа юм байна.

Дэлхийн театруудын чансааг тодорхойлдог гэх “Хунт нуур” бүжгэн жүжиг анх 1877 онд Москвагийн Их театрын тайзнаа тоглогдож байжээ. Харин 98 жилийн дараа буюу 1975 онд Төрийн шагналт, Балетмейстер Б.Жамьяндагва Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хунт нуур бүжгэн жүжгийг тавьсан нь дэлхийн сонгодог урлагт Монгол улсын нэрийг гаргасан гэж зүй ёсоор тооцогддог байна. Анхны Хунт нуурын гол дүрд балетын нэрт бүжигчин Ю.Оюун тоглож байжээ. Үүнээс хойш Хунт нуурын гол дүрд тоглосон бүжигчид дэлхийн томоохон театруудаас хамтран ажиллах санал авч байжээ. Тиймээс ч Хунт нуур театрын шилдэг бүжигчдийг төрүүлдэг гэж тодорхойлдог байна. Өнгөрсөн жилүүдэд уран бүтээлчдийн нөөц, тайзны багтаамжаас шалтгаалж 20-иод хунтайгаар тоглогдож иржээ. Харин энэ жил анх удаа дэлхийн жишигт нийцүүлэн 32 хунтайгаар 2-р сарын 13, 14-ны өдрүүдэд тоглохоор болсон байна.

Хунт нуур бүжгэн жүжгийг анх удаа Дархан, Эрдэнэт хотод тоглоно

Мөн Дуурийн театр улсын гэх тодотголтой учир орон нутгуудад хүрч ажиллахаар төлөвлөсөн тухайгаа хэлсэн юм. Тиймээс ч Хунт нуур жүжгийг анх удаа Дархан, Эрдэнэтэд тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ. 

Манай улсын сонгодог урлаг тэр дундаа балетын хөгжил Азид төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Үүнийг батлах жишээ бол 2006 оны дэлхийн шилдэг 8 балетчины нэгээр манай улсын бүжигчин шалгарч байсан  юм. Мөн хэд хэдэн балетчин АНУ-ын “Бостон балет” театрт урилгаар ажилладаг байна.  

ДБЭТ-ынхан өнөө жил сонгодог урлагийн олон улсын фестиваль зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд энэ хүрээнд ОХУ, Япон, Итали зэрэг улсын дуучид, бүжигчид, удирдаач нарыг урьж, оролцуулах юм байна.