Өнгөрсөн бямба гарагт Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио бэлгийн цөөнхийг гадуурхсан өнгө аястай мэдэгдэл хийсэн туслахаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр түүний туслах Масаёши арай “ижил хүйстэн хосууд, хүмүүстэй зэрэгцэн амьдрахыг хүсэхгүй байгаа төдийгүй харахыг, тааралдахыг ч хүсдэггүй” хэмээн хэвлэлд ярьсан байна.
Мөн тэрээр “бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн тогтсон уламжлалт хэв маягийг эвдэх хор уршигтай бөгөөд тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байснаар хэсэг бүлэг хүмүүс эх орноос нь явахаас өөр хохирол байхгүй” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Масаёшигийн энэхүү мэдэгдэл Япон улсын Засгийн газрын байр суурийг төлөөлөхгүй хэдий ч хүнлэг бус, хэрээс хэтэрсэн мэдэгдэл хийсэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн гэж Кишида Фүмио цохон тэмдэглэжээ. Гэхдээ өнгөрсөн сарын эхээр Японы Засгийн газрын Тэргүүн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь хүн амзүйн өсөлт саарсан энэ үед гэр бүлийн бүтцэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд нухацтай авч хэлэлцэх шаардлагатай асуудал гэж мэдэгдэж байжээ.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч “Их долоогийн бүлэг”-ийн улс орнууд дундаас Япон улс нь ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй цорын ганц улс юм. Уламжлалт хүйсийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг Япон улсад бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрөх асуудалд ахмад үеийнхэн нь шүүмжлэлтэй ханддаг байна.
Япон улс 2023 онд “Их долоогийн бүлэг”-ийг даргалах бөгөөд ирэх 5-р сард тус бүлгийн улс орнуудын удирдагчид Токио хотноо чуулах юм. Тэгвэл энэ чуулганы үеэр сайн дурын идэвхтнүүд, Олон улсын Хүний эрхийн байгууллагын гишүүд ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар өргөн хүрээг хамарсан жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.