Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зээлийн эргэн төлөлтийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь хэсэг өчигдөр эхэллээ. Хоёр дахь нээлттэй сонсголд зээл олгох үед ажиллаж байсан Засгийн газрын гишүүд, Төв банкны ерөнхийлөгч нар гэрчээр оролцсон байна.
2016 оноос эхлэн Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлт удааширч, чанаргүй зээлдэгчийн тоо олширсон. Тухайн үед Засгийн газраас Хөгжлийн банкийг шалгахаар болж тухайн үеийн ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр ахлан шалгалтыг явуулсан бөгөөд 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд мэдээллийг нууцлахаар болсон байна.
Хөгжлийн банкнаас зээл авч төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн төслүүдэд тухайн үед Аудитын байгууллагын хяналт шалгалтаар хугацаандаа хэрэгжээгүй, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй, зураг төсөл бүрэн хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тус банктай холбоотойгоор нийт гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 зөрчлийг илрүүлсэн.
Түүнчлэн Хөгжлийн банканд ажиллаж байсан хүмүүст мөнгөн тэтгэмж олгодог байсан нь ил болоод байна. Тухайлбал,тус банкны нэг ажилтанд 60 хүртэлх сая төгрөгийн тэтгэмж олгосон төдийгүй Хөгжлийн банкнаас чөлөөлөгдсөн нийт 14 хүнд 290 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байгаа юм.
Хөгжлийн банкнаас олгох зээлийг 2.6 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүй гэх заалтыг нэг өдрийн дотор 3 их наяд төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл өрийн хязгаарыг ганцхан өдрийн дотор 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэх нэгэн шалтгаан болсон байх магадлалтай.
Хөгжлийн банканд зээлийн эрсдэлийн сан байгуулах зөвлөмжийг таван удаа өгсөн. Төв банк болон ҮАГ-аас өгсөн зөвлөмжүүдэд зээлийн эрсдэлийн сангийн дүнгүүд ихээхэн зөрүүтэй байсан байна. ҮАГ-аас өгсөн зөвлөмжийг Хөгжлийн банкны ажилтан Батсүх хүлээн аваад хариу өгөх шаардлагагүй шууд хаажээ. Батсүхийг сонсголд дуудсан ч ирээгүй байна.