Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь цахим бүртгэлд оруулаагүй автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Улаанбаатар хотын 450 байршил, 161 уулзварт тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ уншигч төхөөрөмж байршуулаад байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийг цахим ялтас бүхий цахим гэрчилгээгээр дамжуулан уншигч төхөөрөмжид бүртгэгдэнэ. Ингэснээр дүрэм зөрчсөн, татвар болоод даатгалаа төлөөгүй, техникийн үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэл Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм байна.

Улаанбаатар хотод 650 орчим мянган тээврийн хэрэгсэл байдгаас 500 орчим мянга нь өдөр тутамд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байна. Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх, цахим гэрчилгээг олгох зэрэг цогц ажлуудыг хийхээр болсон байна.

Уулзваруудад байршуулсан системийг ажиллуулахын тулд гуравдугаар сарын нэгнээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ, олгож эхлэх юм. Цахим гэрчилгээ олгосноор иргэд зам тээвэр, түгжрэлтэй холбоотой мэдээллийг шуурхай авах, замын хөдөлгөөнд оролцохдоо хууль зөрчихгүй байх нөхцөлөөр хангагдана. Мөн улсын дугаар явахгүй өдөр нь анхааруулга ирэхээс гадна, татвараа төлөөгүй бол сануулга мэдээлэл ирэх юм байна. Жолооч нарт явдал чирэгдэл учруулахгүйн тулд зах худалдааны төв, даатгал, оношилгооны газруудаар дамжуулан цахим гэрчилгээг олгоно.

Жолооч нар одоо ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахим болгоход ямар нэгэн төлбөр авахгүй. Харин шинээр тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэд 14.700 төгрөгөөр цахим гэрчилгээгээ авна. Цахим гэрчилгээ олгох хугацаанд гэрчилгээгээ солиулаагүй, шинээр аваагүй тээврийн хэрэгслийг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж холбогдох албанаас анхааруулж байна.