Өнгөрсөн сард Герман улсын Канцлер Олаф Шольц Украин улсад “Leopard” танк илгээх зөвшөөрлийг олгосон юм. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан Дани, Нидерланд, Герман улсууд хамгийн багадаа 100 орчим ийм төрлийн танкийг Украинд илгээх зөвшилцөлд хүрсэн талаараа мягмар гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ.
“Leopard-1 загварын 100 орчим танкийг Украинд илгээх зөвшилцөлд хүрсэн бөгөөд танкуудыг гурван улсын Батлан хамгаалахын нөөцөөс гаргаж, ойрын хугацаанд Украинд илгээхээр бэлтгэж байна” хэмээн дээрх гурван улсын Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Мөн ирэх долоо хоногт Украины Зэвсэгт хүчний алба хаагчдыг танкийг эзэмшүүлэх сургалтад хамруулахаар бэлтгэж байгаа талаар гурван улсын Батлан хамгаалахын сайд нар цохон тэмдэглэсэн байна.
Эхний ээлжид Украинд “Leopard 1” загварын танкуудыг илгээх бөгөөд дайн үргэлжлэх явцад илүү дэвшилтэт, орчин үеийн “Leopard 2” загварын танкуудыг илгээхээр болжээ.
Үүнээс гадна АНУ-ын эрх баригчид “Abrams 1” загварын танкаа Украинд илгээхээр болсноо өнгөрсөн сард зарласнаас хойш Украины зэвсэгт хүчний 200 орчим алба хаагчийг уг хүнд төрлийн зэвсгийг эзэмшүүлэх, удирдах практик дадлагын сургалтад хамруулж байгаа юм байна.
ОХУ-ын эрх баригчид Украинд халдан довтолсныхоо нэг жилийн ойн өдөр хуурай газрын дахин өргөн хүрээг хамарсан давшилтаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар Киевийн тал анхааруулсаар байна.