Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 8 мянгад ойртжээ

Даваа гарагт Турк, Сирийн хилийн бүс дэх Газиантеп хотод болсон хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо найман мянгад ойртоод байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ. Гамшгийн бүс нутагт дэлхийн 40 гаруй улсын аврагчид үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй сүүлийн 24 цагийн хугацаанд амь эрсэдсэн хүний тоо 4 мянгаар нэмэгдээд байна.

Туркийн Газиантеп хот болон хил залгаа бүс нутагт Сирийн олон сая дүрвэгсэд чанар стандартын шаардлага хангаагүй орон сууц, нийтийн байрт оршин сууж байсан нь амиа алдсан хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа тухай Ройтерс агентлагийн сурвалжлагч онцлон мэдээлжээ. Мөн Турк, Сирийн бүс нутагт гамшгийн үеэр таван мянга орчим байшин барилга нурж сүйдсэн бөгөөд аврагчид одоогийн байдлаар 30 мянган хүнийг нуранги доороос эсэн мэнд гарган аваад байгаа талаар мэдээлж байна. Гэвч барилгын хүнд даацын хана, хавтангийн доороос гарган авсан зарим хүмүүс эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амьсгалын болон бөөрний дутагдлын улмаас нас барах тохиолдлууд бүртгэгдсээр байна. Өчигдрийн 11 цагийн байдлаар Туркийн 3200 орчим иргэн, Сирийн 1700 орчим иргэн гамшгийн улмаас амь эрсэдсэнийг талууд мэдэгджээ.

Турк улсад Олон улсын аврагчид цаг хугацаатай уралдан хүмүүсийг нуранги доороос гарган авсаар байгаа бол Сирийн бүс нутагт Грек, Итали, Африкийн бүс нутгаас ирсэн аврагчид ажиллаж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Туркийн нурангид дарагдсан зарим иргэн гар утсаа ашиглан цахим хуудастаа ослын газрын хаяг байршлаа нийтэлснээр аврах ажиллагаанд тус нэмэр болж байгааг Анкарагийн талаас мэдээлж байна.

Тэгвэл Сирийн бүс нутагт газар хөдлөлтийн уршгаар цахилгаан станц гэмтэж, гамшгийн бүс нутагт гар утасны сүлжээ, цахилгаан тасарсан байна. Мөн цаг агаар хүйтэн байгаагаас Сирид өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч байгааг Өрнөдийн хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Энэ удаагийн байгалийн гамшигт 13 сая хүн ямар нэгэн байдлаар нэрвэгдсэн бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэгүүдийг тусламжаа нэмэгдүүлэхийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уриалжээ.