Хөгжлийн банкны хоёр дахь шатны сонсгол өчигдөр 3 дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдрийн сонсголд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Зам тээвэр хөгжлийн яамны “Шинэ төмөр зам” төслүүдийн Хөгжлийн банкнаас авсан зээл болон төслийн үр дүнгийн талаар сонсгол хийжээ. Сонсголд Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар оролцсон байна.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн тухайд Хөгжлийн банкнаас 2014 онд 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Авсан санхүүжилтийн 6.3 тэрбум төгрөгийг судалгаа шинжилгээний ажилд, хуулийн зөвлөх үйлчилгээнд 604 сая төгрөгийг авсан байна. Харин шинжээчийн дүгнэлтээр 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй, нийт зээлийн үлдэгдэл 1.9 тэрбум төгрөг байгаа юм.
Мөн хоёр тэрбум ам.долларын санхүүжилт татаж Ерөнхий дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн гэж Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлж байгаа юм. Гэвч түр хорооны гишүүдийн зүгээс бүтээн байгуулалт хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Үүний дараа сонсгол ЗТХЯ-ны “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар үргэлжиллээ. Уг төсөлтэй холбогдуулан 25 гэрч дуудсаны дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан, өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон МУ-ын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар оролцсон байна.
2010 онд төмөр замын суурь бүтцийг барих тогтоолыг гаргаж Хөгжлийн банкнаас 55 сая ам.долларын зээлийн гэрээг 2013 оны 2-р сарын 20-ны өдөр байгуулсан ч 22.5 сая ам.долларыг олгосон байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол өчигдөр өндөрлөлөө. Сонсголд гэрчээр оролцогчдын өгч буй мэдээлэл нь шүүхэд нотлох баримт болно. Харин гурав дахь шатны сонсголыг ирэх сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулна. Гурав дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр Арилжааны банкаар дамжуулан олгосон 2500 гаруй төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалтын талаар сонсгол зохион байгуулна.