Хялгас ялгах болон түүнээс дээш боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох болсонтой холбоотойгоор үйлдвэрлэгчид ажлын байр шинээр бий болгож эхэллээ

Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрсөн оны 5-р сард гарсан. Уг тогтоолын дагуу энэ оноос эхлэн хялгас ялгах болон түүнээс дээш боловсруулалт хийсэн, чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох болсон боловч Засгийн газрын 2-р сарын 7-ны өдрийн шийдвэрээр 1 жилийн хугацаанд хойшлуулсан байна. Хялгас ялгах болон түүнээс дээш боловсруулалт хийсэн ноолуурыг экспортолсноор валютын урсгалыг сайжруулаад зогсохгүй Үндэсний үйлдвэрүүд ажлыг байрыг тогтвортой хадгалах, малчдаас авах ноолуурын үнийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой гэж салбарын төлөөллүүд үзэж байна.

Хялгас ялгах болон түүнээс дээш боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлох болсонтой холбоотойгоор үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажлын байрыг шинээр бий болгож эхэлжээ. Тус шийдвэр нь ажлыг байрыг тогтвортой хадгалах нэг боломжийг олгоно гэж үйлдвэрлэгчид үзэж байна.

Ноолуурыг малчны хотноос аваад үүний дараа ангилж, угааж, самнаж хялгаслах цаашлаад өнгөнд оруулж, утас хийж, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн хийн эцсийн бүтээгдэхүүн болгох зэрэг олон шат дамжлагыг дамждаг. Гэтэл манай улс өнгөрсөн жилүүдэд ноолуурыг боловсруулалгүй, нэмүү өртөг шингээлгүй БНХАУ руу гаргасаар ирсэн. Харин энэ оноос эхлэн угаасан ноолуурыг экспортод гаргахгүй буюу самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүн экспортолсноор тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэх боломжтой гэсэн тооцоолол гараад байна.

Монгол улс жилдээ 10.000 орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй бөгөөд Дэлхийн зах зээлийн ноолуурын 50 орчим хувийг манай улс дангаараа хангадаг. Гэтэл өмнөх жилүүдэд бэлтгэдэг ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолсоор иржээ. Үүнээс харвал ноос, ноолууран бүтээгдэхүүнийг боловсруулж экспортлох нь валютын урсгалыг сайжруулах нөлөөтэй.

Мөн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бага зардал гаргадаг ба эцсийн бүтээгдэхүүн болсны дараа зах зээл дээр өндөр үнээр зарах боломжтой гэж ноосны үйлдвэр эрхлэгч хэлсэн юм. Ер нь уул уурхайн экспортыг бодвол ноос ноолууран, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн нь тээвэр логистикийн зардал бага, томоохон хэмжээний бүтээн байгуулалт шаарддаггүй.

Манай улс ноолуурыг Хятад, Япон, Итали, Испани, Англи зэрэг олон улсын зах зээлд экспортолдог. Энэ нь Монгол улсын ноолуурын чанарын хувьд ширхгийн урт сайн, мөн байгалийн олон өнгөтэй байдагтай холбоотой. Мөн сүүлийн жилүүдэд иргэд байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авах сонирхол их болсон. Энэ нь мал, амьтны гаралтай ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол ихсэж байна. Тиймээс урт хугацаандаа ноос, ноолуурын салбараас орж ирэх ашгийн хэмжээ ихэснэ гэж салбарын төлөөллүүд хэлж байгаа юм.