Эрмитаж музей нь 3 сая орчим үзмэртэй, нийт үзмэрийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. Уг музейд Монголын түүх, соёлын холбогдолтой 5 танхим байдаг бөгөөд үнэт ховор дурсгалууд цөөнгүй байна. Тухайлбал, Монголын уран бичлэгийн эртний дурсгалуудын нэг болох Чингисийн чулууны бичиг, Алтан, Мөнгөн гэрэгэ мөн 1924 онд Ноён ууланд хийсэн малтлагаас илэрсэн Хүннүгийн язгууртны цогц олдворууд Эрмитаж музейд хадгалагддаг байна. Тиймээс хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар Монголын соёлын өвтэй холбоотой судалгааг өргөжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, Монголын түүхэнд урьд хэвлэгдээгүй ховор сонин баримт, дүрс бичлэг, гэрэл зургуудыг нийтийн хүртээл болгох боломжтой болжээ.
Мөн 2023 оны дөрөвдүгээр сард Монгол улсад, 11 дүгээр сард Санкт-Петербург хотноо Ноён уулын малтлагын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.