2023 онд АНУ-ын байгалийн хийн олборлолт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна

Энэ жил АНУ-ын байгалийн хийн олборлолт түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас танилцуулсан эрчим хүчний хэтийн төлөв байдлын талаарх тайланд онцолжээ. Өнгөрөгч 2022 онд түүхэн дээд үзүүлэлтдээ хүрч байсан 29 тэрбум шоо метр байгалийн хийн олборлолт энэ онд хоногт 30 тэрбум шоо метрт, харин 2024 онд 31 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна.

АНУ-ын байгалийн хийн олборлолт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь Олон улсын зах зээл дээр байгалийн хийн үнэ унахад нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна. Байгалийн хийн нийлүүлэлт эрэлтээ давснаар үнэ нь хямдарч, ингэснээр хэрэглэгчдийг үнийн дарамтаас чөлөөлөх алхам болж байна. Украины дайн эхэлснээс хойш Дэлхий дахинд байгалийн хийн үнэ өсөж байгааг дагаад Өрнөдийн улс орнуудад амьжиргааны өртөг нэмэгдэж, Европын хэд хэдэн улсад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Гэхдээ Олон улсын эрчим хүчний зах зээлийн нөхцөл байдал дийлэнх улс орнуудын эрх баригчдын төсөөлж байснаас харьцангуй тогтвортой байгаа нь АНУ-д байгалийн хийн олборлолт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг байгалийн хийн дотоодын хэрэглээ 2023 онд 21 тэрбум шоо метрт, 2024 онд 20 тэрбум шоо метрт хүрч буурна гэж таамагласан байна. Хэрэв энэхүү таамаглал биеллээ олбол 2024 онд олборлолт 2015 оноос хойш анх удаагаа дөрвөн жил дараалан өсөж, эрэлт 2006 оноос хойш анх удаагаа гурван жил дараалан буурсан явдал болох юм байна.

Мөн АНУ-ын газрын тосны олборлолт энэ онд хоногт 590 мянган торхоор нэмэгдэж, 13 сая торх болох төлөвтэй байгаа бол ирэх онд 14 сая торх болно гэх тооцоолол гарсан байна. Дэлхийн газрын тосны олборлолт эрэлтээсээ давж, нөөц нэмэгдсэнээр “Brent” маркийн нефтийн үнэ энэ оны эхний хагаст нэг торх нь 85 ам.долларт, хоёрдугаар хагаст 82 орчим ам.доллар болж буурах төлөвтэй байна. Ингэснээр 2023 оны эцэс гэхэд АНУ тэргүүтэй Өрнөдийн улсуудад инфляц тэг түвшинд хүрэх тооцоолол гарсан байна.