Өнгөрсөн лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Лондон хотноо айлчилж Их Британийн хаан гуравдугаар Чарльзд бараалхан, Ерөнхий сайд Риши Сунактай яриа хэлэлцээр өрнүүлжээ. Харин пүрэв гарагт тэрээр Европ дахь айлчлалын хүрээнд Франц улсын нийслэл Парис хотноо тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нартай уулзсан байна.
Украины ерөнхийлөгч дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа ийнхүү хилийн дээс алхаж Их Британи, Франц, Бельги улсуудад албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм. Тэрбээр Их Британи улсад айлчлах үеэрээ гуравдугаар хаан Чарльзд бараалхаж, Украины дайны нөхцөл байдлын талаар санал солилцсон төдийгүй 900 жилийн түүхтэй Уэстминстерийн Парламентын танхимд илтгэл тавьсан байна. Энэхүү айлчлалын үеэр Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Украины агаарын хүчний нисгэгчдийг НАТО-ын стандартын дагуу өөрийн улсдаа сургаж эхэлснийг цохон тэмдэглэжээ.
Тэгвэл пүрэв гарагт Володимир Зеленський Франц улсын нийслэл Парис хотноо ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нартай уулзжээ. Уулзалтын үеэр Киевийн Тэргүүн Украинд сөнөөгч онгоц илгээхийг уриалсан бөгөөд Герман, Франц улсуудад тоглоомын дүрмийг өөрчлөх хүч байгааг сануулсан байна. Хэдий чинээ Украин хурдан хугацаанд хүнд төрлийн зэвсэг, алсын тусгалт пуужин, орчин үеийн сөнөөгч онгоцнуудыг хүлээн авна төдийн чинээ Оросын түрэмгийлэл хурдан хугацаанд дуусгавар болохыг В.Зеленський тайлбарласан байна.
Мөн пүрэв гарагт Киевийн тэргүүн Бельгийн Брюселль хотноо Европын холбооны улс орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Зеленський Дэлхийн 2-р дайнаас хойш Европ тивд үүссэн хамгийн том зэвсэгт мөргөлдөөний нэг жилийн ой тохиохтой зэрэгцэн Европт айлчилж байгааг хэвлэлүүд онцолж байна.
В.Зеленський илтгэлдээ “Украины тусгаар тогтнолыг хамгаалахын тулд сүүлийн нэг жилийн хугацаанд бидэнд зэр зэвсгийн тусламж үзүүлсэн холбоотнууддаа талархаж байна. Орчин үеийн Дэлхий ертөнцөд Европ тивийг устгах гэсэн хамгийн том хүчтэй бид тулалдаж байна. Бид эх орон, ард түмнээ хамгаалахын тулд та бүхний хамтын хүчээр тулалдаж байна. Одоо бидэнд их буу, сум, орчин үеийн танк, алсын тусгалт пуужин, сөнөөгч онгоц хэрэгтэй байна. Украины ялалт Европ тивийн ялалт байх болно гэдгийг хэлэхийг хүсэж байна. Бид эзлэн түрэмгийлэгчдээс өөрсдийгөө хамгаалж чадна” хэмээн хэлсэн байна.
Зеленськийн Европт хийж байгаа айлчлалтай холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Герман, Их Британи, Франц улсууд дайнд татагдан орж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, шууд болон шууд бус оролцооны зааг ялгаа арилж байгаа хэдий ч ОХУ зорилгодоо хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.