Боловсон хүчний дутагдалд орсон ноос, ноолуурын салбарынхан өөрсдөө ажилтнаа сургаж байна

Ноос, ноолуурын салбарын ажилчдын цалингийн дундаж хэмжээ 1 сая 54 мянган төгрөг буюу улсын хэмжээнээс 30 орчим хувиар доогуур байна. Тус салбарын ажиллагсад нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг бөгөөд салбарын хэмжээнд цалин хөлсний тогтолцоо байхгүй байна. Мөн тус салбар нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагаас бүрддэг тул тарифын хэлэлцээр хийгддэггүй байна.

Ноос, ноолуурын салбар нь жилийн турш хэрэглэгдэх түүхий эдийн нөөцөө зөвхөн хаврын улиралд бэлтгэдэг. Тиймээс Төр засгаас эргэлтийн хөрөнгө бий болгоход туслалцаа үзүүлбэл дэмтэй байна гэж салбарын төлөөллүүд хэлж байна. Мөн сүүлийн жилүүдэд тус салбарт боловсон хүчний дутагдал бий болоод байна. Экспортын орлогыг тасралтгүй бүрдүүлэх боломжтой ноос, ноолуурын салбарын нарийн мэргэжлээр их, дээд сургуулиуд элсэлтээ цөөн тоогоор авдгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд ноос, ноолуурын үйлдвэрүүд ажилтнаа аваад өөрсдөө сургах байдлаар ажиллаж байгаа юм байна. Судалгаанд хамрагдсан тус салбарын ажиллагсдын 58.3 хувь нь бүрэн дундаас доош боловсролтой байна.

Ноолуур гэх түүхий эд нь жил бүр нөхөн сэргээгдэж байдаг шавхагдашгүй үнэт баялаг бөгөөд байгаль орчноо сүйтгэж байж олдворлодог эрдэс баялгаас 14-1470 дахин өндрөөр үнэлэгддэг байна. Тус салбарт 2021 оны байдлаар 670 үйлдвэрт 10.055 хүн ажиллан, 382 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 411 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тэгвэл ноос, ноолуурын салбарт ажиллагсдын цалин хөлс бага байдгаас гадна ажиллах цаг урт, химийн бодис, тоосжилт зэрэг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг нь хүний нөөцийн хомсдолд орох нэг хүчин зүйл болж байна. Тус салбарт ажиллагсдын 59.9 хувь нь тоосжилттой, 67.8 хувь нь дуу чимээтэй, 61.4 хувь нь өндөр хэмийн халуунтай нөхцөлд ажиллаж байна.

Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд салбар бүр цалин хөлсний тарифын хэлэлцээр байгуулах талаар тусгасан байдаг байна. Энэ нь ажилтан болон ажил олгогчийн төлөөллийн байгууллагууд салбарын онцлогтой уялдсан байдлаар хөдөлмөр эрхлэлтийн суурь хэм хэмжээг тогтоох боломжтой болж байгаа юм.