Сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний үнэ өмнөх оны мөн үеэс 3-4 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Иргэд сүү сүүн бүтээгдэхүүн болоод цагаан идээг хямд үнээр худалдан авах хүсэлтэй байдаг бол малчид жилдээ 2 удаа малынхаа ашиг шимийг хүртэж байгаа учир хямд үнээр борлуулахад алдагдалтай байдгаа хэлж байна
Иргэд сар шинийн баярын ширээ засахад зориулж сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ худалдан авахад ойролцоогоор 100-300 мянган төгрөгийг зарцуулж байгаа гэсэн юм. Цагаан идээний амт чанарт сайн гэсэн үнэлгээ өгч байгаа ч дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэтэрхий өндөр үнэтэй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Харин малчдаас цагаан идээг хямдаар борлуулах боломжтой эсэхийг тодруулахад жилд 2 удаа л малынхаа ашиг шимийг хүртдэг учраас бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэх боломж зөвхөн сар шинийн баярын өдрүүдэд тохиодог гэсэн юм.
Үзэсгэлэн худалдаанд худалдаалагдаж байгаа цагаан идээний үнийн дэлгэрэнгүйг танилцуулбал:
- Ааруул 1 кг - 22000-30000 төгрөг
- Тогооны өрөм - 30000 төгрөг
- Шар тос - 30000 төгрөг
- Сарлагийн сүү 1 л 9000 - 10000 төгрөг
- Аарц 1 кг - 6000 төгрөг
- Хайлмаг 1 кг - 10000 төгрөг
Тавгийн идээ засахад зориулагдсан хэвтэй ааруул хэмжээнээсээ хамаараад 70.000-300.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ онд цагаан идээний үнэ өмнөх оноос 3-4 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч сар шинийн баярын нэн чухал хэрэгцээтэй хүнс учраас худалдан авахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна.