Пентагон: АНУ-ын Аляска, Канад улсын агаарын орон зайд нэвтэрсэн үл мэдэгдэх гадны биетүүдийг буудан унагажээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Аляска муж болон Канад улсын агаарын орон зайд нэвтэрсэн үл мэдэгдэх гадны биетүүдийг “F-22” загварын сөнөөгч онгоцоор буудан унагаажээ. Энэ талаар Пентагоны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жон Кирби ням гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын агаарын орон зайд нэвтрэн өндөрт нисэж байсан үл мэдэгдэх гадны биетийг арилжааны агаарын тээвэрт аюул учруулж болзошгүй гэж үзэн Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар буудаж унагасан байна. Энэхүү үл мэдэгдэх гадны биет нь АНУ-ын агаарын орон зайд энэ сарын 11-ний өдөр анх нэвтэрсэн бөгөөд Аляскийн Зүүн хойд хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт тогтмол хөдөлж байх үед нь агаарын хүчний бие бүрэлдэхүүн олж илрүүлсэн байна. “Тус гадны биетүүдийг ямар зориулалттай, гарал үүслийн талаар баттай мэдээлэл байхгүй байна гэж Пентагоноос мэдэгджээ.

Хойд Америкийн агаарын орон зайд дахин хоёр үл мэдэгдэх гадны биетийг илрүүлэн буудан унагаасан талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ням гарагт мэдэгджээ. Түүний мэдээлснээр “Гадны биет Канадын агаарын орон зайг зөрчсөн” бөгөөд Канадын баруун хойд нутгийн Юкон мужийн дээгүүр нисэж байхад нь буудан унагаасан байна. Гадны биетүүдийг буудан унагаах ажиллагаанд АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг дайчилсан бөгөөд ану-ын “F-22” сөнөөгч онгоцноос харван устгасан байна.

Одоогоор Канад, АНУ-ын шинжээчид эдгээр гадны биетүүдийн гарал үүсэл, зориулалт, хүчин чадлын талаад судалгаа, шинжилгээний ажлыг явуулж байгаа төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийг задруулахаас сэргийлж тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.