Уран бүтээлчид “Мэдрэмж” үзэсгэлэнгээр дамжуулан Монголын түүх, амар тайвныг мэдрүүлэхийг зорьжээ

Монголын урчуудын эвлэлийн танхимд орчин цагийн уран зургийн “Мэдрэмж” сэдэвт үзэсгэлэн дэлгэгджээ. Уран бүтээлчид тус үзэсгэлэнгээр дамжуулан үндэстэний түүх, өв соёл, амар тайвныг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьсон байна. 

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн Монгол үндэстний ахуй, өв соёлыг илэрхийлэх эдгээр уран зургуудыг уран бүтээлч Б.Мөнхбаатар, М.Ган-Очир нар зуржээ. Зураач Б.Мөнхбаатар байгаль, морьдын зураглалыг нэгээс нөгөөд шилжих ууссан өнгүүдийг ашиглан модерн төрлөөр бүтээсэн байна. Мөн үзэсгэлэнгийн танхимын хоёр хананд “Ирж буй цаг” хэмээх хоёр бүтээл байрлуулсан нь үзэгчдэд эрх чөлөө, амар тайванг мэдрүүлэхийг зорьжээ. 

Харин зураач М.Ган-Очирын хувьд Монгол хээ угалзыг тод өнгө ашиглан бүтээлдээ шингээжээ.

Орчин үед техник, технологи хөгжиж илүү хотжиж байгаа ч нүүдэлчин Монголчуудын түүх, ёс заншил нь дэлхийн бусад улс орноос ондооших нэгэн илэрхийлэл гэдгийг уран бүтээлчид онцолж байсан юм. Тийм ч учраас илүү Монгол ахуйг харуулахыг зорьсон бүтээлийн үзэсгэлэнгээ мэдрэмж гэж нэрлэжээ. Уг үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн танхимд 2-р сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна.