Өнгөрсөн долоо хоногт газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирийн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаанд 80 гаруй улсын 10 мянга орчим аврагч оролцож байна. Энэ талаар Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Дэлхийн 80 гаруй улсын 10 мянга аврагчид гамшгийн бүсэд сүүлийн 6 хоног цагтай уралдан аврах ажиллагаа гүйцэтгэсээр байна. Тэгвэл аврагчид сүүлийн хоногт нурангид 118 цаг дарагдсан нярайг, эхийн хамт эсэн мэнд татан гаргаж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар холбогдох албанаас мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр газар хөдлөлтийн голомт нь Туркийн Газиантеп хотод бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 36 мянгад хүрээд байна.
АНУ-ын Геологийн албанаас 1939 оноос хойших Европ тивд тохиолдсон хамгийн их хохирол дагуулсан газар хөдлөлт Турк улсад бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна.
Тэгвэл гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд Герман, Испани, Франц улсын эрх баригчид богино хугацааны буюу 3-6 сарын түр оршин суух виз олгохоор болсноо даваа гарагт зарласан байна. Түүнчлэн Дэлхийн банк болон Олон Улсын Валютын сангаас гамшгийн дараах сэргээн босголтод зориулж 1.7 тэрбум америк долларын тусламжийг Турк улсад, мөн 800 сая америк долларын тусламжийг Сири улсад үзүүлэхээр болжээ.
Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх пүрэв гарагт Турк, Сирийн гамшгийн бүс нутагт зочилж, Нэгдсэн улсын хүмүүнлэгийн ээлжит тусламжийг өөрийн биеэр хүлээлгэн өгнө гэдгийг Төрийн Департментаас мэдээлж байна.