2022 онд олон нийтийн анхаарлыг татсан авлига албан тушаалын томоохон хоёр хэрэг олон нийтэд ил болсон. Нүүрсний хэргийн тухайд холбогдох этгээдүүд эхнээсээ ил болж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 260 гаруй оролцогчтойгоор зохион байгуулахаар болсон байна.
Нүүрсний хэргийн тухайд одоогийн байдлаар УИХ-ын зарим гишүүдийг хянан шалгаж эхэлсэн. Тэгвэл нэр холбогдсон гишүүдийн дундаас Д.Бат-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, улсын хилээр гарахыг хориглосон байна. Харин Ардчилсан намын А.Адьяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, МАН-ын таван гишүүний араас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарыг шалгаж байгаа юм. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гишүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэсэн байна.
Харин Хөгжлийн банкны тухайд 80 гаруй холбогдогч 260 гаруй оролцогч бүхий шүүх хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Өмнө нь ийм хэмжээний олон хүн оролцуулсан шүүх хурлыг зохион байгуулж байгаагүй бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар Чуулгын танхимд зохион байгуулахаар бэлтгэсэн байна.
Урьдчилсан хэлэлцүүлгээр хэн нэгний гэм буруутай эсэхийг хэлэлцэхгүй, шүүхийн эцсийн дүгнэлт гарахгүй. СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 500 орчим хавтаст хэрэг хүлээн авсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагаас хөндлөнгийн ажиглагчаар оролцох юм байна.