Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд гол нэр төрлийн хүнсний 16 бүтээгдэхүүний үнэ нийтдээ 64.922 төгрөг байсан бол энэ оны 1-р сарын байдлаар 121.251 төгрөг болж нийтдээ 50 гаруй хувиар өссөн байна.
Цагаан сарын баярын ширээний гол хүнсний бүтээгдэхүүнийг сонгож авч үзэхэд нэр төрлөөс хамааран үнэ тодорхой хувиар өссөн байна. Тодруулбал, 2019 оны 1-р улиралд 1 литр сүүний дундаж үнэ 2730 төгрөг байсан бол энэ оны 1 дүгээр сард 3960 төгрөг болж 45.1 хувиар өсжээ. Харин хорхой ааруулын үнэ 2019 онд 14.067 төгрөг байсан бол 28.061 төргөг болж өссөн байна. Мөн сонгино 1161 төгрөг байсан бол 3023 төгрөг, саримс 505 төгрөг байсан бол 6214 төгрөг болж тус тус өсжээ. Цаашлаад жимсний төрлийн бүтэгдэхүүн болох гадил, мандарин зэрэг нь 20-50 хувь хүртлээ нэмэгджээ.
Монгол улс хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг урд хөршөөс оруулж ирдэг. Энэ нь валютын нөөцийг гадагшлуулан төгрөгийн ханшийг унагааж үнийн өсөлтийг бий болгож байна. Үйлдвэрлэгч улс биш учраас үнийн өсөлт цаашид ч хэвээр байх болно. Тиймээс хурдан хугацаанд үйлдвэрлэлийн бааз, суурийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.