Монгол улсын нийт ажиллагсдын дундаж цалин 1 сая 573 мянган төгрөг байна

Монгол улсын нийт ажиллагсдын дундаж цалин тогтмол өссөөр ирсэн ба хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1 сая 573 мянган төгрөгт хүрсэн байна. Гэсэн хэдий ч импортын хамааралтай Монгол улсын хувьд иргэдийн бодит худалдан авах чадвар буурсаар байна. Тэр дундаа баяр ёслолын үеэр бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж иргэдийн худалдан авалтад ихээхэн дарамт учирч байна. 

Энэ жилийн хувьд цар тахлаас 2 жилийн дараа иргэд өргөн дэлгэр Цагаан сарын баяраа тэмдэглэх төлөвтэй байна. Гэтэл Цагаан сарын баяр болох гэж буй энэ үеэр бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг. Харин үүний дараа эргээд бараа бүтээгдэхүүний үнэ буурах нь цөөн юм. 2-р сарын 6-ний өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар өссөн байна. Ялангуяа хонь, ямаа, үхрийн мах цаашлаад төмс, сонгино, гурил, сүүний үнэ огцом өссөн байна.

Манай улсын иргэдийн дундаж цалинг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалын дагуу тооцдог. Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуй нэг байгууллагын нийт даатгуулагчдын мэдээлэлд үндэслэж гаргаж байна. Мөн манай улсад  бодит цалинг тооцож гаргадаггүй буюу татвар болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хасаж боддоггүй юм байна. Тиймээс улирал тутамд иргэдийн нэрлэсэн цалин харьцангуй өндөр тооцогдож гарч байгаа юм.

Иргэдийн худалдан авах чадвар цалингийн өсөлтөөр хэмжигдэхгүй байна. 2018 болон 2021 он гэхэд л инфляцийн өсөлт цалингийн дундаж өсөлтөөс давсан учир цалингийн бодит өсөлт нь хасах үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс иргэдэд ихээхэн дарамт учирдаг энэ байдлыг арилгахын тулд үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийг солонгоруулах шаардлагатай байгаа юм.