Японы аялал жуулчлал сэргэж тус улс өнгөрсөн сард 1.5 сая жуулчин хүлээн авсан байна

Өнгөрсөн 1-р сард Япон улс гадаадын 1.5 сая жуулчин хүлээн авсан байна  Японы үндэсний аялал жуулчлалын агентлагаас мэдээлжээ. Өнгөрсөн оны 11-р сард Япон улсын эрх баригчид “Ковид-19”-ийн халдварын хязгаарлалтын дэглэмээ цуцалсны дараа аялал жуулчлалынх нь салбар ийнхүү хүчтэй сэргэж эхэлснийг хэвлэлүүд онцолж байна.

Өнгөрсөн оны 12-р сард хилийн чанадаас Япон улс руу 1.2 сая жуулчин хүрэлцэн очсон бол өнгөрсөн сард уг үзүүлэлт 1.5 саяд хүрч өссөн байна. Тэгвэл тус улсыг зорьж байгаа нийт жуулчдын тал хувь нь БНСУ-аас ирсэн аялагчид байжээ. Түүнчлэн Япон улсын эрх баригчид 2025 онд түүхэндээ хамгийн олон гадаадын жуулчин хүлээн авахаар зорьж байгааг Засгийн газрын төлөвлөгөөний төсөлд дурдсан байна.

2023-2025 оны санхүүгийн жилийг хамарсан аялал жуулчлалын төлөвлөгөөний төсөлд мөн нэг хүний зардлыг 200 мянган иен буюу 1500 америк.доллароор тооцсон байна. Энэ нь  тус улсын ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцэж байна. Мөн олон улсын арга хэмжээнүүд Японд зохион байгуулагдсанаар жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг харгалзан дээрх зорилтыг дэвшүүлжээ. Цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд Япон түүхэндээ хамгийн олон буюу 31 сая жуулчин хүлээн авсан байна. Гэвч вирусний халдвар тархсанаас хойш 2020 онд 4.1 сая, 2021 онд 250 мянгад хүрч огцом буурчээ.