ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Бахмут хотыг хяналтдаа оруулсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Тэгвэл Украины эрх баригчид ч Оросын зэвсэгт хүчний ширүүн давшилттай нүүр тулснаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй шаардлагатай бол цэргүүдээ Бахмут хотоос татан авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.
Украины зэвсэгт хүчин Бахмут хотын томоохон гүүрийг дэлбэлж, ОХУ-ын зэвсэгт хүчний Бахмут хотод нэвтрэх тээвэр логистикийн гол гарцыг хаахыг оролдсон ч тусыг эс олсон байна.
ОХУ-ын эрх баригчид эзлэн түрэмгийллээ эхлүүлсний нэг жилийн ойн өдөр буюу 2-р сарын 24 гэхэд Бахмут хотыг бүрэн чөлөөлж, хяналтаа тогтоохоор зэвсэгт хүчний нөөцөө нэмэгдүүлсээр байна. Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “ОХУ-ын зэвсэгт хүчин Бахмут хотод хяналтаа тогтоох төлөвтэй байгаа ч Киевийн тал стратегийн тулаанд ялагдаагүй” гэдгийг онцолсон байна.
Дайн эхлэхээс өмнө Украины Бахмут хотод 75 мянган хүн оршин суудаг байсан бол одоогийн байдлаар 60-аас дээш насны 3 мянга орчим хүн хүнд нөхцөлд амьдарч байгааг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Украины эрх баригчид тэдгээр иргэдээ аюулгүй газарт хүргэхийг зорьж байгаа ч сүүлийн гурван сарын хугацаанд Бахмут хотын ойролцоо сөргөлдөгч талуудын хооронд ширүүн тулаан өрнөсний улмаас нүүлгэн шилжүүлж чадаагүй байна.
Үүнээс гадна НАТОын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтонберг ОХУ-ын зэвсэгт хүчний ширүүн довтолгоо албан бусаар эхэлснийг мягмар гарагт мэдэгджээ. Ирэх сарын эхээр НАТО-ын Эвслийн улсуудын Батлан хамгаалахын сайд нар ээлжит удаагаа Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар хуралдах бөгөөд сөнөөгч онгоцыг нийлүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Одоогоор Польш, Эстони, Литва, Франц улсуудын эрх баригчид Украинд сөнөөгч онгоц, тактикийн пуужингийн цэнэгт хошуу илгээх боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнчлэн Литва улсын Засгийн газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийнхээ тээврийн хэрэгслийг хурааж Украинд илгээхээ мягмар гарагт мэдэгдлээ. Харин Тайванийн засаг захиргаа 2-р сарын 24-нд төрийн албан хаагчдынхаа нэг сарын цалинг Украинд хандивлахаар болжээ.