Нийслэлийн нэг автобусны буудал дээр 4-13 орчим ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байршиж байна. Тэдгээр нь нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршсан, ойр орчныг бохирдуулдаг, явган хүний зам хаасан зэрэг олон дүрэм журам зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс иргэдийн зүгээс тэдгээр ТҮЦ-үүдийн тоог багасгаж цэгцлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна.
Автобусны буудал дээр хэт олноор байршсан түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж автобусны карт цэнэглэх, ойр зуурын хэрэгцээтэй зүйлсээ авахад зориулж 1-2 ТҮЦ байршуулах нь зохимжтой гэж үзэж байна.
Нийслэл хотод байрладаг түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж нүүлгэх саналыг дүүрэг болоод нийслэлийн удирдлагууд удаа дараа гаргаж байсан ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан тодруулбал түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосноор 1000 гаруй иргэд орлогогүй болох талаараа хэлж байсан юм. Тиймээс дараагийн ажлын байрыг бэлдэж нэгдсэн стандарттай байх шаардлага тавьж байгаа юм.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоонд 300 орчим гишүүн байдаг байна. Эдгээр иргэд ч мөн адил түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж нэг стандарттай болгох саналыг дэмжиж байгаа юм. Учир нь ТҮЦ-ээ бусдад түрээсэлж ашиг олдог иргэд нэмэгдэж байгааг зарим иргэд хэлж байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны 1-р сарын нэгний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжтой гэх шийдвэрийг гаргасан. Харин энэхүү шийдвэрээс шалтгаалж түргэн үйлчилгээний цэгийг дураар байршуулах нь ихсэж, бусдад түрээслэн ашиг олох иргэд олширсон байна.