Өнгөрсөн оны 12-р сард Их Британи улсад 3-10 насны зургаан хүүхэд “А” бүлгийн Стрептококкийн халдварын улмаас нас барсан байна. Тэдгээр хүүхдүүд шинж тэмдэггүй нянгийн халдвар тээгч насанд хүрэгчээс амьсгалын болон арьс салстаар дамжуулан халдвар авсныг эрдэмтэд тогтоосон байна.
“А” бүлгийн Стрептококкийн нянгаар үүсгэгддэг халдварууд нь хоолой өвдөх, арьс салст дээр тууралт гарах шинж тэмдгүүдээр илэрдэг байна. Мөн өвчин хүндэрсэн тохиолдолд өндөр халуурдаг бөгөөд ихэвчлэн антибиотикийн эмчилгээ хийснээр бүрэн эдгэрдэг байна. Энэ төрлийн нянгийн халдварууд нь тун энгийн өвчлөлөөс амь насанд хүрэх хүртэл аюул дагуулдаг байна.
Тэгвэл Их Британи улсад ганцхан сарын хугацаанд зургаан хүүхэд уг нянгийн халдвараар халдварлаж, нас барсныг эрдэмтэн судлаачид тайлбарлажээ. Дээрх тохиолдолд “А” бүлгийн Стрептококк нянгийн халдварын хурц хэлбэрээр өвдөөд бүрэн эдгээгүй насанд хүрэгч дархлааны систем нь бүрэн тогтоогүй байгаа бага насны хамаатан садны хүүхдүүдтэйгээ ойроос харьцсан буюу үнсэж, үнэрлэсэн байна. Тун удалгүй тэдгээр хүүхдүүд тус нянгийн халдварын хурц хэлбэрээр өвдсөн бөгөөд олон төрлийн антибиотикийн эмчилгээ хийсэн ч огт үр дүнгээ өгөлгүй байсаар нас барсныг эрдэмтэд тогтоосон байна. Хүүхдүүдэд өндөр халуурах, хоолны дуршил нь буурах, их хэмжээний шингэн алдах хавсарсан шинж тэмдгүүд илэрч байсныг тогтоожээ.
2000 оноос хойш дээрх нянгийн халдвар нь антибиотик эмчилгээнд тэсвэртэй болсон төдийгүй эрдэмтэн судлаачид нянгийн халдварын хувилбаруудыг эмчлэх антибиотик эмийг шинээр бүтээсээр байгаа ч хүн бүрийн антибиотик тохирол өөрчлөгдсөөр байгаа нь үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүдээс мэдээлжээ. Мөн дэлхийн өнцөг булан бүрд амьдралын хэв маяг, хоол хүнс, орчин зэрэг нь харилцан адилгүй болсноор хүмүүсийн дархлааны систем ч мөн үүнийг дагаад өөр өөр байгааг эрдэмтэд онцолж байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ нянгийн халдвараас сэргийлэхийн тулд ойрын хүрээний амьсгалын замын халдварт өвчин туссан хүнээс зай бариулах, үнсэх, тэврэх, үнэрлэх болон ил шарх, сорвинд нь хүргэхгүй байхыг Их Британийн эрдэмтэн судлаачид анхааруулжээ.
Дэлхий дахинд “А” бүлгийн Стрептококкийн нянгийн халдварын улмаас жил бүр 500 мянган хүн нас барж байгаа талаарх судалгааг ДЭМБ-аа танилцуулжээ.