Орон нутагт шинэ орон сууц худалдаж авахаар төлөвлөж буй иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөж байна

“Зээлийн батлан даалтын сан”-гаас орон нутгийн иргэдийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг батлан даалтаар гаргаж эхэлсэн. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 21 аймгийн иргэдэд болон Улаанбаатар хотын захын 3 дүүргийн иргэдэд олгож байгаа нь нийслэл хотын төвлөрлийг сааруулах, цаашлаад орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах хамгийн том шийдэл гэж үзэж байна.

Зээлийн батлан даалтын сан нь 21 аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж эхэлсэн. Иргэд урьдчилгаа төлбөрийн батлан даалттай зээлд хамрагдахын тулд Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан байх мөн урьдчилгаа төлбөрийн дутагдалтай болон урьдчилгаа төлбөрт барьцаалах хөрөнгөгүй байх ёстой.

Үүнээс гадна орон нутагт шинэ орон сууц худалдаж авахаар төлөвлөж буй иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөн ажиллаж байна. Ингэхдээ 3 хувийн хүүгийн зөрүү мөнгийг улсаас төлөх боломжтой эсэх талаар яригдаж байна.

Ипотекийн зээлийн 60 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөрийг батлан даалтын сангаас гаргаж байгаа хэдий ч тухайн иргэний үндсэн зээл дээр нэмэгдэж эргэн төлөгдөхдөө 8-12 жилийн хугацааг зарцуулах тооцоо гарчээ.