ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн “Вагнер” группийн 30 мянга гаруй байлдагч дайнд шархадсан эсвэл амиа алдсан гэв

Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн 30 гаруй мянган байлдагч шархадсан эсвэл амиа алдсан тухай АНУ-ын албаны эх сурвалж ням гарагт мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сүүлийн долоо хоногт л гэхэд тус бүлэглэлийн 9000 орчим цэрэг дайтагч талуудын ширүүн тулааны үеэр амиа алдсаныг тагнуулын мэдээллээр баталгаажуулснаа цохон тэмдэглэжээ.

Амиа алдсан хөлсний цэргүүдийн дийлэнх нь Оросын шоронгоос армид элссэн, байлдааны сургалтад хамрагдаагүй хоригдлууд байсныг Кирби онцолжээ. Гэхдээ ОХУ-ын эрх баригчид хохирогчдын амь биеийг үл хайрлан Бахмут хотыг хяналтдаа оруулах давшилт хийлгүүлсээр байгаа төдийгүй давшилт бүр нь ялалтаар төгсөж байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

Сүүлийн үеийн мэдээллээр Украины зүүн фронтод дайтагч талуудын хооронд ширүүн тулаан үргэлжилсээр байна. Мөн "Вагнер" группийн цэргүүд Бахмут хотыг бараг л хяналтдаа оруулаад байгааг Жон Кирби хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл Оросын тал Бахмут хотыг эзлэн авснаар цаашид Украины баруун бүс нутгийн Краматорск, Славянск зэрэг томоохон хотууд руу давших боломж логистикийн хувьд бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Цагаан ордны болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Оросын Зэвсэгт хүчин Бахмут хотыг хяналтдаа оруулсан ч цаашид дараагийн томоохон хотууд руу давшихын тулд дахин хэдэн сарын хугацаа хэрэгтэй байна. Учир нь Өрнөдийн улсуудаас илгээж буй танк, хуягтууд ирэх сарын эхээр дайнд өргөн хүрээтэй ашиглагдаж эхлэх тул Москва зэр зэвсэг, цэргийн нөөцөө дахин нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна” гэжээ. Түүнчлэн Жон Кирби “Стратегийн ач холбогдлын хувьд Бахмут хотыг эзлэн авах нь огтхон ч үр дүнгүй төдийгүй ОХУ-ын эрх баригчид эзлэн түрэмгийллээ эхлүүлснийхээ нэг жилийн ойн өдрөө Украины анхны хотыг ямар ч үнээр хамаагүй хяналтдаа оруулах нь чухал байгаа” гэдгийг онцолжээ.

Тэгвэл Их Британийн Тагнуулын албаныхан дайн эхэлснээс хойш ОХУ-ын байнгын зэвсэгт хүчний болон "Вагнер" группийн нийт 170-200 мянган цэрэг амь үрэгдсэн гэж тооцоолж байна. Учир нь ОХУ-ын Зэвсэгт хүчин тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай үзүүлж байгаагүй бөгөөд уг таамаглал  бодит гэдгийг Их Британийн талаас онцлон мэдээлж байна