БНХАУ-ын Тэргүүлэх дипломатч Ван И “Дайныг дуусгавар болгох энхийн төлөвлөгөөг” Украинд санал болгоно

БНХАУ-ын эрх баригчид “Дайныг дуусгавар болгох энхийн төлөвлөгөөгөө” Украины талд хүргүүлэхэд бэлэн байгаа талаар Бээжингийн Тэргүүлэх Дипломатч Ван И Мюнхенийн аюулгүй байдлын бага хурлын үеэр өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. Хятадын Гадаад хэргийн сайд асан Ван И өмнө нь Орос Украины мөргөлдөөнийг хоёр улсын дотоод асуудал гэж үзэж байсан нэгэн юм.

Өмнө нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд асан Ван И Орос Украины дайныг бүрэн хэмжээний дайн гэж нэрлэхээс татгалзаж, хоёр улсын хоорондох сөргөлдөөн төдий зүйл гэж тодорхойлж байсан юм. Тэгвэл өнгөрөгч ням гарагт тэрээр Мюнхенийн Аюулгүй байдлын бага хурлын үеэр анх удаа мөргөлдөөн бус дайн гэдгийг мэдэгдлээрээ дамжуулан хүлээн зөвшөөрчээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн Гадаад бодлогын тэргүүлэх зөвлөх Ван И “Энэ дайн цаашид үргэлжилж болохгүй. БНХАУ нь Олон улсын хууль эрхзүйн хүрээнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн бүх улс орон, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ. Бээжин үргэлж энх тайвны төлөө зүтгэсээр байх болно” хэмээн Мюхенийн аюулгүй байдлын бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ. Тэрээр “Бид энэ дайныг дуусгавар болгоход хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа төдийгүй юун түрүүнд Европын улс орнууд дайнд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй” хэмээн уриалжээ.

Тэгвэл АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис үүний хариуд “Украины дайн эхэлснээс хойш Хятад улсын эрх баригчид Оросын талд санхүүгийн болон бусад тусламж үзүүлж байгаад Цагаан ордны тал түгшиж байгаа” хэмээн мэдэгджээ. Мөн Европын Комиссын тэргүүн Урсула Фон Дер Лейен Хятадын тал Орос улстай хамтран ажилладаггүй, санхүүгийн тусламж үзүүлдэггүй гэдгийг нотлох нотолгоо хэрэгтэй байгаа төдийгүй Хятад улс энэ талаар хангалттай мэдээллийг Европын улс, орнуудтай хуваалцахгүй байгааг буруутгажээ.

ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотод дэлхийн 50 гаруй улс орны Төр, Засгийн тэргүүн, 90 орчим сайд, мөн олон зуун улстөрч, шинжээчид дэлхийн аюулгүй байдлын бага хуралд оролцохоор хуран цугласан байна.