Буузыг олон дахин халааж жигнэх нь нян үржих нөхцөл болдог

Сар шинийн баярын ширээний гол хүнс болох мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, төрөл бүрийн салатыг иргэд хадгалах нөхцөлийг тооцолгүйгээр олон хоногоор хэрэглэх тохиолдол их байдаг. Үүнээс үүдэж баярын өдрүүдэд хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдрэх тохиолдол их гарч, эмнэлгийн ачаалал нэмэгддэг байна.

Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн болох ууц, чанасан мах, салатны орц найрлагад орох майонез, хиам, өндгийг тусгай тасалгааны температурт цөөн хоногоор хадгалдаг. Эрүүл мэндийн яамны гаргасан зөвлөмжөөр чанасан махыг 4-5 градуст 3-4 хоног, чанамал хиам болон утлагат хиамыг 4-5 градуст 3-7 хоног, харин салатыг орц найрлагаас нь хамаарч 4-5 градуст 1-2 хоногт хэрэглэх ёстой юм байна. Мөн буузны хувьд жигнэж хэрэглэдэг учир хүний бие организмд харьцангуй сөрөг нөлөө багатай гэж үздэг байна. Гэвч нэг жигнээд гаргасан буузыг олон дахин халааж жигнэх нь гадны нян бактерийг үржүүлэх нөхцөл болдог байна.

Сүүн бүтээгдэхүүн тэр дундаа чихэргүй ааруулыг удаан хугацаанд хэрэглэж болдог. Харин шар тосыг тасалгааны температурт 12 цагаас илүүгүй байлгах хэрэгтэй юм байна. Хэрэв шар тосыг халуун орчинд удаан хадгалбал хортой болж эхэлдэг талаар мэргэжилтэн зөвлөж байна.

Сар шинийн баярын хүнсний бүтэгдэхүүний хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар анхаарч, мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонез зэргийг хөргөгч, хөргүүртэй газар хадгалах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.