Японы далайн эргийн хамгаалалтын албаны ажилтнууд өнгөрсөн лхагва гарагт зориулалт нь тодорхойгүй нууцлаг “Метал бөмбөлөг”-ийг олж илрүүлснээ мэдэгджээ. Холбогдох албанаас мэдээлснээр уг нууцлаг биет хэрхэн далайн эрэгт гэнэт гарч ирсэн болон ашиглалт, зориулалтын талаар мэргэжилтнүүд судалж эхэлжээ.
Уг нууцлаг биетийг цагдаа хүчнийхэн болон тэсрэх бөмбөг аюулгүй болгох багийн албан хаагчид мөн шалгаж байгаа юм байна. Зэвд идэгдсэн бөмбөлгийн хоёр талд бариул байгаа нь далайн мандалд байршил тэмдэглэх зориулалттай байж болзошгүй гэж хөндлөнгийн шинжээчид мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын талаас алсын тусгалт хоёр баллистик пуужин харвасан нь Япон улсын эдийн засгийн онцгой бүсэд газардсан юм. Харин дараагаар нь нууцлаг бөмбөлөг илэрсэн нь Японы иргэдийг түгшүүрт автуулсан төдийгүй тус улсын эрх баригчид бөмбөлгийг аюулгүй гэдгийг тодорхойлохын тулд шуурхай хариу арга хэмжээ авсан байна.
Ойролцоогоор 1.5 метрийн диаметртэй энэхүү метал биетийг юу болох талаар олон нийтийн сүлжээнд хүмүүс таамаглалаа дэвшүүлсээр байна. Тухайлбал, далайн мандалд байршил тодорхойлох дэлхийн 2-р дайны үеийн ЗХУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмж гэж тайлбарлажээ.
Тэгвэл мэргэжилтнүүд бөмбөлгийг рентген туяагаар шинжилсний дараа тэсрэх аюулгүй гэж дүгнэснийг Ройтерс агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.