НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украиныг дэмжих тогтоол батлах ээлжит санал хураалтад 32 улс түдгэлзсэн санал өгөв

ОХУ эзлэн түрэмгийллээ эхлүүлсний нэг жилийн ой тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын гишүүн улсууд Украины нутаг дэвсгэрээс зэвсэгт хүчнээ ямар нэгэн нөхцөлгүйгээр гаргахыг ОХУ-аас шаардах тогтоолын төсөлд санал хураалт явуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дийлэнх олонхын саналаар дээрх тогтоолын төслийг  баталсан байна.

“Украинд иж бүрэн, шударга, бат бөх энх тайван тогтоохын үндэс болсон байгууллагын дүрмийн зарчмууд” нэртэй энэхүү баримт бичгийг батлахыг 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзсэн бол Орос, Беларусь, Умард Солонгос, тэргүүтэй долоон орон эсэргүүцсэн байна. Уг тогтоолд НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудад хандан "НҮБ-ын дүрмийн дагуу Украинд иж бүрэн, шударга, тогтвортой энх тайвныг тогтооход чиглэсэн дипломат хүчин чармайлтыг хоёр дахин дэмжихийг" уриалжээ.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн дотор Украины нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдашгүй байх зарчмыг даган баримталж байгаагаа дахин нотолсон байна. Түүнчлэн Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах, чухал дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг ОХУ-д уриалжээ.

ОХУ Украинд халдан довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан НҮБ-ын тусгай чуулган пүрэв гарагт хуралдсан юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга ОХУ-ын эрх баригчдад хандан тус улсыг НҮБ-ын хамгийн чухал гишүүн орон хэмээн тодорхойлоод, "Энх тайвныг хадгалан сахиулах замдаа" эргэн орж, "Түрэмгийллээ зогсоох"-ыг уриалсан байна. Үргэлжлүүлэн тэрээр “Энэ дайныг цэргийн шийдвэрээр зогсоож чадахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос Украины мөргөлдөөнд энх тайвныг тогтоох хэтийн төлөв бүрхэг байна гэж үзэж байна. Харин НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя болж буй үйл явдлыг “Амьд үлдэхийн төлөө өрнөдтэй хийж байгаа дайн” гэж тодорхойлжээ.

Тэгвэл Хятад, Энэтхэг тэргүүтэй 32 улс санал хураалтад оролцохоос татгалзаж, түдгэлзсэн хариу өгсний нэг нь Монгол улс байжээ.