Э.Одбаяр: Монгол улс дундыг баримталсан нэртэй дайныг дэмжих үйлдэл хийж байна

Орос Украины дайн эхэлснээс хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрч байна. НҮБ хоёр улсын дайнтай холбоотой санал хураалт 10 гаруй удаа явуулахад Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсээр байгаа юм. Уг санал хураалтад манай улс түдгэлзсэн байр суурь илэрхийлснийг “No war” хөдөлгөөнөөс эсэргүүцэж Монгол улс гуравдагч хөршийн бодлогоосоо ухарсан үйлдэл хийж байна хэмээн мэдэгдлээ.

“No war” хөдөлгөөнийхний зүгээс Монгол улс НҮБ-ын санал хураалтад түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь далд байдлаар дайныг дэмжиж  буй үйлдэл гэж үзэж байгаа юм. Түүнчлэн түдгэлзсэн байр суурь илэрхийлж байгаа нь Монгол улсын гуравдагч хөршийн бодлогоос ухарсан үйлдэл бөгөөд гуравдагч хөршийн харилцаатай улсуудын хооронд сэв суулгах эрсдэлтэй гэв.

Тэдний зүгээс Орос Украины дайн эхэлснээс хойш нийтдээ 50 гаруй удаагийн эсэргүүцлийн тайван жагсаал хийсэн юм. ОХУ-ын Украинд хийж буй дайны түрэмгийллийг эсэргүүцэж НҮБ-д энхийг сахисан, дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлэх ёстой гэж тэдний зүгээс үзэж байна.