АНУ газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сири улсуудад дахин нэмэлт тусламж илгээнэ

АНУ-ын зүгээс хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сири улсуудад байгалийн гамшгийн уршгийг арилгахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмж 100 сая Америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тус хоёр улсад байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 46 мянга давж, олон сая хүн орон гэргүй болоод байгаа юм.

Ингэснээр АНУ-аас үзүүлж буй нийт тусламжийн хэмжээ 185 сая америк долларт хүрэх юм.  Уг тусламжийг аврах, сэргээн босгох ажилд оролцож буй олон улсын болон Төрийн бус байгууллагуудад олгох юм байна.

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын эхээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүсийн нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Турк улсад энэ сарын 18-нд хүрэлцэн очсон юм. “Энэхүү тусламж нь хоол хүнсний багц, хөнжил гудас, дулаан хувцас, майхан, орон байрны материал зэрэг зүйлсийг худалдан авахад дэмжлэг болохоос гадна эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цэвэр ус болоод гамшгийн бүсийг ариун цэврийн байгууламжаар хангах, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд дэмжлэг болгож хүргүүлнэ” гэдгийг Энтони Блинкен онцлон тэмдэглэжээ.