АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн даваа гарагт урьдчилж зарлалгүйгээр Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийжээ. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд халдан довтолсны нэг жилийн ойн өдөр энэ сарын 24-нд тохиох гэж байгаатай зэрэгцэн Цагаан ордны тэргүүн Киев хотноо хүрэлцэн очсон нь гэнэтийн үйл явдал болсныг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Даваа гарагт Украины нийслэл Киев хотод агаарын довтолгооны түгшүүр зарлаж, дуут дохио хангинаж байх үед Цагаан ордны тэргүүн Жо Байден гэнэт хүрэлцэн иржээ. Киев хотод газардсаныхаа дараа Жо Байден "Владимир Путины эзлэн түрэмгийлэл бүтэлгүйтэж байна. Одоогоос нэг жилийн өмнө тэр эзлэн түрэмгийллээ эхлүүлэхдээ Украиныг сул дорой, Өрнөдийнхнийг нэгдмэл бус гэж тооцоолсон нь алдаа байсан" хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр АНУ ямагт Украины талд бат зогсож, зогсолтгүйгээр дэмжлэг үзүүлсээр байна гэдгээ дахин нотлохоор гэнэтийн айлчлал хийж буйгаа мэдэгджээ.
Харин Киевийн Тэргүүн Володимир Зеленський "Украины арми стратегийн ач холбогдол бүхий Вухледар хотод Оросын зэвсэгт хүчний эсрэг ширүүн тулаан өрнүүлж, Өрнөдийн улс орнуудаас илгээсэн зэр зэвсгээр ихээхэн хэмжээний хохирлыг сөргөлдөгч талд үзүүлж чадлаа" гэж мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хамгийн сүүлд 2008 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Украинд айлчилснаас хойш анх удаа Цагаан ордны тэргүүн Киев хотод ийнхүү хүрэлцэн ирсэнд Зеленський талархаж байгаагаа илэрхийлээд , АНУ-Украины харилцааны бүхий л хугацааны түүхийн хамгийн чухал үйл явдал тохиож байгааг онцолжээ.
Жо Байден айлчлалынхаа үеэр 500 сая Америк долларын зэр зэвсгийн тусламжийг ойрын хугацаанд илгээхээс гадна ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах амлалт өгсөн байна.
Үүнээс гадна энэ сарын 19-ний өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Олон улсын аюулгүй байдлын Мюнхенийн бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ыг Украинд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг албан ёсоор зарласан бол Москва хариу мэдэгдэл гаргаж Вашингтон бол хоёр улсын хоорондох асуудал, мөргөлдөөнийг улам хурцатгах "гол шалтгаан" гэж тодорхойлжээ