Нийслэлийн түргэн тусламжийн төвд Сар шинийн баярын өдрүүдэд 100 гаруй эмч эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэсэн байна. Бид шинийн 1-ний энэ өдөр ард олныхоо эрүүл мэндийн манаанд зогсож байгаа нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч М.Баянбатыг онцолж байна.
Тэрээр эмч мэргэжлийг эзэмшээд 7 жил болсон бөгөөд Түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаад 6 жил болж байна. Түүний гэр бүлийн хүн мөн адил эмч мэргэжилтэй учраас Сар шинийн баярын өдрүүдэд гэртээ байх нь ховор гэдгийг хэлж байсан юм. Гэсэн хэдий ч эмч мэргэжил эзэмшсэндээ бахархаж явдаг талаар ярьсан юм.
Түргэн тусламжийн эмч нь нэг чиглэл рүү дагнаж үзлэг хийдэггүй учраас олон талын ур чадвар шаардсан нарийн мэргэжил юм. Бага насны хүүхдээс эхлэн бүхий л насныхныг үзэж оношилж тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Тэрээр нэлээдгүй олон тохиолдлоор эх нярайг гэрт нь эсэн мэнд эх барьж байсан удаатай юм байна.
Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай үзүүлэхийн тулд олон бэрхшээлүүдтэй тулгардаг байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал их байдаг учраас гэр бүлдээ зарцуулах цаг ховор тохиодог гэжээ.
Сар шинийн баярын өдрүүдэд Түргэн тусламжийн төвийн дуудлага мэдээлэл эрс ихсэж эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар нойргүй ажилладаг байна. Улмаар нэг эмч өдөртөө 40 орчим хүнд үзлэг оношилгоо хийдэг байна.