“Украины дайнаас үүдэн өрнөдийнхөнтэй хийж буй сөргөлдөөн нь ОХУ болон тус улсын иргэдийн оршин тогтнохын төлөөх тэмцэл” гэж Кремлийн тэргүүн Владимир Путин мэдэгдсэн байна. Тэрбээр цаашид НАТО-ын цөмийн чадавхыг харгалзан үзэхээс өөр аргагүйд хүрснийг мэдэгдэлдээ анхааруулсан байна.
Кремлийн тэргүүн Владимир Путин Украин руу халдан довтлох шийдвэр гаргасны нэг жилийн ойг тохиолдуулан тавьсан илтгэлдээ “ОХУ болон тус улсын иргэд ирээдүйгээ аюулаас аврахын тулд тэмцэж байгаа төдийгүй цэргийн тусгай ажиллагаа нь амжилттай болсон тохиолдолд ирээдүйгээ аварна. Харин бүтэлгүйтсэн тохиолдолд тэр цаг үе нь ОХУ-ын хувьд эргэлтийн цэг байх болно гэж мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Өрнөдийн улсуудад нэг л зорилго байгаа. Тэр нь Хуучин ЗХУ болон өнөөгийн ОХУ-ыг түүхийн хуудаснаас арчих” хэмээн ням гарагт “Россия 1” сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Кремлийн тэргүүн мэдэгдэлдээ “Өрнөдийнхөн Оросын олон үндэстэн болоод цэвэр цусны Орос хүмүүсийг устгах, харин дараа нь Оросын шавхагдашгүй байгалийн баялагт эзэн суух” талаар удаа дараа дурдаж байжээ.
Тэгвэл В.Путины энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан НАТО-ын эвслийн тэргүүн Йенс Столтонберг “Бүрэн эрхт, тусгаар тогтносон улс руу цэргийн хүчээр халдан довтолсны хариу болгож зөвхөн Украин улсад өөрийгөө хамгаалахад нь зориулж зэр зэвсгийн тусламж үзүүлж байгаа” хэмээн хариу мэдэгдэл хийсэн байна.
Цагаан ордны тэргүүн Жо Байден өнгөрсөн долоо хоногт Украинд гэнэтийн айлчлал хийх үеэрээ “ОХУ, НАТО-ын мөргөлдөөн болсон тохиолдолд жинхэнэ утгаараа дэлхийн 3-р дайн эхэлнэ” гэдгийг Кремлийн удирдлагуудад анхааруулсан байна. Мөн тэрээр “ОХУ-ын сүүлчийн цэрэг Украины нутаг дэвсгэрийг орхин гарах хүртэл Вашингтон Киевийн талд бат зогсож, тусламж үзүүлсээр байх болно” гэдгийг онцлон мэдэгдсэн юм.
Тэгвэл олон улсын шинжээчид “ОХУ-ын улс төрийн тогтвортой байдал нь олон улсын эрчим хүчний салбар болон үүнийг дагасан амьжиргааны өртөг, инфляцийн тасралтгүй өсөлт, хүнсний салбарын хямрал зэргийг шийдвэрлэхэд гол нөлөө үзүүлнэ. Мөн Кремлийн удирдлагууд цэргээ Украинаас гаргахад өнөө ч оройтоогүй төдийгүй ОУ-ын стратегийн хямрал, хурцадмал байдлыг намжаах боломж Москвагийн талд байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.