ХАА-н салбарыг төрийн бодлогоор дэмжсэнээр эдийн засагт богино хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ

Манай улс уул уурхайн салбарын экспортоор төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Үүний дараа аялал жуулчлалын салбарыг төсвийн орлогод ихээхэн дэмжлэг болно гэж урт хугацаанд нэрлэж ирсэн. Гэтэл аялал жуулчлалын салбарын орлого дорвитой өсөөгүй өнөөг хүрч байна. Үүнд дэд бүтцийн асуудлаас эхлэн нислэгийн тийзийн үнэ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс төрөөс богино хугацаанд шавхдашгүй эргэн төлөгдөж байдаг хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжсэнээр өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг багасгах магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр ДНБ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 52.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 9.3 их наяд төгрөг буюу 21 хувиар өссөн байна. Үүнд, ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 2022 онд 4.3 их наяд төгрөг болж өмнөх оноос 12 хувиар буюу 455 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөө үзүүлсэн байна.

Монгол улсын ДНБ-д гол нөлөө үзүүлэгч салбарын нэгээр хөдөө аж ахуйн салбар нэрлэгддэг. Гэвч хөдөө аж ахуйн салбар нь хүний нөөцийн хомсдолоос гадна түүхий эд бэлтгэгч малчид болон боловсруулах үйлдвэрийн хоорондын харилцаа холбоо муу байна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж, уялдаа холбоог сайжруулснаар экспортын орлогыг нэмэгдүүлж валютын урсгалыг сайжруулах юм.

Мөн хөдөө аж ахуйн салбар нь уламжлалт салбар учир хүний нөөцийг бэлтгэхэд богино хугацаа шаардана. Үүнээс гадна тус салбараас гаралтай мах, сүү цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээлийг судалж, хагас боловсруулсан эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах эсэхийг салбараас анхаарах хэрэгтэй байна.