Монгол улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд зааснаар албан журмаар даатгуулахад ажил олгогч болон ажилтан нь нийлээд сар бүр 24-26 хувийн шимтгэл төлдөг журамтай. Гэтэл энэ нь шинээр үүсэж байгаа компани цаашлаад ажилтанд хүртэл ихээхэн дарамт болж байгааг иргэдийн зүгээс хэлж байна.
- Нийгмийн даатгалын тухай хуулийг анх 1994 онд баталсан. Үүнээс хойш тус багц хуульд 12 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 6 удаа өөрчилж байжээ.
- Одоо мөрдөж буй хуулиар иргэн нийгмийн даатгалаа 2 хэлбэрээр буюу албан журмаар, мөн сайн дураар даатгуулах нөхцөлтэй юм. Албан журмаар даатгуулахад ажил олгогч 12.5-14.5 хувиар шимтгэл төлөх бол ажилтан 11.5 хувиар шимтгэл төлнө. Өөрөөр хэлбэл, ажилтан, ажил олгогч нь нийлээд 24-26 хувь төлдөг байна.
- Сарын 1 сая төгрөгийн цалинтай ажилтан өөрөө 115.000 төгрөгийн шимтгэл төлөх бол ажил олгогч байгууллага нь 125.000 төгрөгийн шимтгэл төлнө.
- Нийгмийн даатгалын шимтгэл нь тухайн ажилтны нийгмийн хамгаалал, баталгаа болгож, өндөр наслах, ажилгүйдэл болоод гэнэтийн ослоос үүдсэн бэрхшээлийг даван туулахад зориулагддаг байна.
Нийгмийн даатгал нь төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний харилцааны үндсэн дээр явагддаг. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиуд ч хамаарна. Үүнээс харвал ажил олгогч нь нийгмийн даатгалын харилцаанд заавал оролцож ажилтны өмнө үүрэг хүлээх хэрэгтэй. Мөн нөгөө талаас тайлбарлавал, ААН, байгууллага шимтгэлийн тодорхой хувь хэмжээг төлж байгаа нь тухайн иргэнд очих шимтгэл, татварын дарамтыг багасгаж байгаа юм.
Ажил олгогч үүргийнхээ дагуу тухайн ажилтныхаа нийгмийн хамгаалал мөн баталгаа болгож шимтгэлийн тодорхой хувийг төлөх үүрэгтэй байдаг. Гэвч Монгол улсын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь бусад улстай харьцуулахад бага хэдий ч албан журмаар даатгуулж буй ажилтан болон ажил олгогч нарт ихээхэн дарамт болж байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар албан журмаар даатгуулна гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд үүсэж байгаа харилцаа юм. Үүнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн аан, байгууллага болон ажилтан хамаарна. Албан журмаар даатгуулагч иргэдийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг авч үзвэл ажил олгогчийн зүгээс 12.5-14.5 хувиар төлдөг. Энэ нь тухайн ажилтны хөдөлмөрийн нөхцөл буюу ажил хөдөлмөр эрхлэх явцад ажилтан осолд өртөх өндөр эрсдэлтэй эсвэл мэргэжлээс шалтгаалсан өвчлөл тусах магадлалтай байгаа эсэхийг харгалзан авч үзэн шимтгэлийн хувь хэмжээг өөрчилдөг байна.