2022 онд ОХУ-ын эдийн засаг 2.1 хувиар буурчээ

Өнгөрсөн оны 2-р сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин эзлэн түрэмгийллээ эхлүүлсний дараа АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд Москвагийн эсрэг ээлж дараалсан хориг арга хэмжээ авсан юм. Хориг арга хэмжээний улмаас 2022 онд ОХУ-ын эдийн засаг өмнөх оны үзүүлэлтэй харьцуулахад 12 хувиар буурах тооцооллыг хөндлөнгийн эдийн засагчид гаргаж байсан. Гэвч өнгөрсөн онд Оросын санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байсан талаар тайланд дурджээ.

Өнгөрсөн онд ОХУ Өрнөдийн багц хориг арга хэмжээнүүдэд өртсөн хэдий ч байгалийн хий, газрын тос зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнээ Хятад, Энэтхэгийн түншүүддээ зах зээлийн ханшнаас хямд үнээр, их хэмжээгээр худалдан борлуулж чадсанаар эдийн засгаа харьцангуй тогтвортой түвшинд хадгалж чадсан байна. Тухайлбал өнгөрсөн 2022 онд ОХУ-ын эдийн засаг 2021 оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар агшсан нь эдийн засагчдын тооцоолж байснаас харьцангуй тогтвортой байсныг илтгэж байна. ОХУ-ын холбооны Статистикийн албанаас даваа гарагт танилцуулсан тайланд өгүүлснээр 2022 онд ОХУ-аас Энэтхэг улс руу хийсэн эрчим хүчний бүтээгдэхүүний экспорт 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад 10 орчим хувиар, түүнчлэн ОХУ-аас БНХАУ руу хийсэн ийм төрлийн бүтээгдэхүүний экспорт 15 орчим хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн ОХУ өнгөрсөн онд 70 орчим сая тонн нүүрсийг БНХАУ-д худалдсан бол Энэтхэгт 120 орчим сая тонн нүүрсийг нийлүүлсэн байна. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс даруй 20 болон 35 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Түүнчлэн ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг хэрэгжиж эхэлснээс хойш Хойд Африкийн орнууд Орос улсаас газрын тосны бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж эхэлжээ. Энэ нь Африкийн улсууд Орос улсаас газрын тос, нүүрс зэргийг худалдан авч реэкспорт хийн Европ руу нийлүүлж байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Марроко улс 2021 онд нэг сард дунджаар 600 мянган торх дизель түлшийг Оросоос худалдан авдаг байсан бол Украины дайн эхэлснээс хойш сард дунджаар хоёр сая тороход хүрч, нэмэгдсэн байна. Тоон мэдээлэлд өгүүлснээр Алжир, Маррокко, Тунис зэрэг улсуудын эрчим хүчний бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдсэнтэй зэрэгцэн экспортын хэмжээ ч мөн даган нэмэгджээ.