3-р сарын 1-ээс эхлэн барьцаалан зээлдүүлэх газрууд СЗХ-д бүртгүүлнэ

Өнгөрсөн 11-р сард УИХ мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиар орон нутагт 100 сая төгрөг, нийслэлд 300 сая төгрөг түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй барьцаалан зээлдүүлэх газрууд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхээр зохицуулжээ. Мөн Монголбанк болон бусад байгууллагуудын төлөөллийг багтаасан зөвлөлийг байгуулж тус зөвлөлөөс хүүгийн дээд хязгаарыг тогтоохоор болсон байна.

УбЕГ-т бүртгэлтэй 13000 гаруй барьцаалан зээлдүүлэх газрууд байдаг. Гэвч байнгын үйл ажиллагаатай 1000 орчим барьцаалдуулан зээлдүүлэх газар байгаагаас 800 гаруй нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар эдгээр барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардыг бүртгэлжүүлхээр болсон байна.

Хуулийн зохицуулалтаар барьцаалан зээлдүүлэх газрууд дур мэдэн зээлийн хүүг тогтоодог байдлыг зогсооно. Харин Монголбанк Санхүүгийн Зохицуулах хороо болон хуулийн этгээдийн төлөөллийг хамруулсан зөвлөлийг байгуулж хүүгийн дээд хязгаарыг тогтоох болсон байна.

Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газруудыг бүртгэлжүүлэхийн хамт татвар төлөгчөөр бүртгэлжүүлж татварын нэгдсэн системд бүртгүүлэх мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлагууд тавигддаг болно.