Монгол улсад өмнө нь уналт таталтын эмгэгт зөвхөн эмийн эмчилгээг хийдэг байсан. Тэгвэл улсын Гуравдугаар төв эмнэлэгт уналт таталтын зарим хэлбэрийн мэс заслыг хийж эхэллээ. Одоогийн байдлаар уналт таталтын эмгэгтэй холбоотой нийт 14 тохиолдолд мэс заслын эмчилгээг хийжээ. Мөн энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, уналт таталтын голомтыг нарийвчлан тогтоох оношилгооны тоног төхөөрөмжийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Уналт таталтын эмгэг нь янз бүрийн шалтгаантай. Мөн хэзээ, хаана уналт өгөх нь тодорхойгүй байдаг учир ихээхэн эрсдэл дагуулдаг юм. Дэлхийн хүн амын 1 орчим хувь нь энэ төрлийн эмгэгтэй байдаг. Манай улсын хувьд өмнө нь энэ төрлийн хагалгаа хийгддэггүй байсан. Учир нь өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмж хангалттай байгаагүй байна.
Иргэдийн хувьд зарим төрлийн өвчин эмгэг тусч, эмчилгээ хийлгэх шаардлага тулгарахад манай улс дотооддоо эмчилгээ хийлгэх боломж хомс тул өндөр өртгөөр гадаадын орныг зорих тохиолдол их байдаг. Уналт таталтын эмгэгийн хувьд АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэс заслын эмчилгээ хийгддэг. Гэвч хэлбэр, төрлөөсөө хамаарч 50.000-120.000 ам.долларын зардалтай тул иргэд гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байсан. Тэгвэл дотооддоо энэ төрлийн эмгэгийн хагалгааг хийснээр гадагшаа урсах зардал тодорхой хэмжээгээр багасаж байна.
Уналт таталтын мэс засал хийсэн нийт хүмүүсийн 60 орчим хувьд нь үр дүн гардаг. Мөн зарим төрлийн уналт таталтын эмгэгт мэс заслын эмчилгээ хийлгээд бүрэн эдгэх боломжтой байдаг юм байна.