Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага учир хөдөлмөр эрхлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхлыг төр хангахгүй байна гэж Үйлдвэрчний Эвлэлийн холбооны төлөөллүүд үзэж байна.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос иргэд хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд Засгийн газар болон УИХ-д шаардлага хүргүүллээ.
Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нэг цагийн хөлс дунджаар 1 ам.доллартой тэнцэж байна. Энэ үзүүлэлтийг жил бүр нэмэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт долоон ам.доллар байна. Тиймээс манай улсын ажиллах хүчний урсгал гадаад руу чиглэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. 1000 орчим залуусаас гадаад улсад ажиллах сонирхолтой эсэхийг асуухад 60 хувь нь тийм гэх хариултыг өгчээ.
Монголчуудын дундаж цалин 1,190,000 төгрөг байна. Манай улсын дийлэнх иргэд ийм хэмжээний цалингаар амьдардаг. Мөн хувийн хэвшилд 100 орчим мянган иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин хөлстэй ажилладаг байна. Тиймээс бага дунд цалинтай иргэдийг татварын хөнгөлөлтөд хамруулах шаардлагатай гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос үзэж байгаа юм.