БНСУ-тай соёлын солилцооны хөтөлбөр байгуулж 5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалынхаа хүрээнд Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарласан юм. Монгол улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан юм.

“Welcome to Mongolia” хөтөлбөр нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

Айчлалын үеэр Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Монгол улсын Соёлын яам БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, БНСУ-ын ажлын хэсгийнхнийг хүлээн авахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатар хотын төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн номын сан болгохоор төлөвлөжээ. Цаашид БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран Монгол улсын Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацийн төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байгаа талаар мэдээлжээ.