Нэрт хөөмийч Д.Цэрэндаваа дэлхийн 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь бэлтгэжээ
Соёлын яамнаас жил бүр Соёлын биет бус өвийг шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулдаг. Өнгөрөгч 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар Монгол хөөмийч Д.Цэрэндаваа тодорчээ. Тэрбээр дэлхийн 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургасан байна.

Зургаан настайгаасаа хөөмийлж эхэлсэн Д.Цэрэндаваа нь малчин ахуйг мэргэжлийн хөөмийтэй хослуулж яваа цөөхөн хөөмийчдийн нэг юм. Хөөмийн урлагийн хөгжилд түүний оруулсан нэг том хувь нэмэр нь өөрийнх нь үүсгэн бий болгосон хосмолжин хөөмий. Энэ нь уртын дууны үг, аяыг хөөмийлэн дуулах арга барил юм байна.

Тэрбээр соёлын биет бус өв болох Монгол хөөмэйг хөгжүүлэн залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж, дэлхий дахинаа сурталчилж иржээ. 1980-аад оноос хойш Франц, Их Британи, Герман, Португаль, АНУ, Япон, ОХУ, Хятад зэрэг 38 орны 155 хотод хөөмийн аялан тоглолт хийжээ. Мөн 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн 8 баримтат кинонд гол дүр бүтээжээ.

Д.Цэрэндаваа нь уруулын хөөмий, тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хамрын хөөмий, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмий, хосмолжин хөөмий гэсэн долоон төрлийн аргаар хөөмийлхийн зэрэгцээ товшуур, морин хуур, экэл тоглодог. Мөн уртын дуу ч дуулдаг байна. Тэрбээр хөөмийн уламжлалаа өөрийн хүү Ц.Цогтгэрэл, Ц.Хаш-Эрдэнэ нарт өвлүүлсэн бөгөөд тэд хоёул хөөмийгээр мэргэшин замнаж байна.