THE HU хамтлаг дэлхийд анх удаа виртуал ертөнцөд рок тоглолт зохион байгуулна
Манай улсын THE HU хамтлаг болон Монгол залуус хамтран дэлхийд анх удаа виртуал ертөнцөд рок тоглолт зохион байгуулах гэж байна. Техникийн дэвшлийг ашиглан хийж байгаа уг тоглолт нь манай улс оюуны бүтээлээ экспортолж гаднаас хатуу валют оруулж ирэх боломжтой гэдгийн бодит жишээ болж байгааг зохион байгуулагчид онцолж байна. 

2016 онд үүсгэн байгуулагдаж байсан THE HU хамтлаг нь Монгол үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог хамтлаг юм. Жилийн долоон сард нь дэлхийг тойрон тоглолтоо хүргэдэг уг хамтлаг олон улсад сая, сая шүтэн бишрэгчидтэй.

Тэгвэл THE HU хамтлаг Ард санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр дэлхийд анх удаа виртуал орчинд рок тоглолт буюу “THE HU in the Metaverse” тоглолтоо хийхээр болсон байна. Үзэгч дэлхийн хаанаас ч уг тоглолтыг үзэх боломжтой. Үзэгчийг төлөөлөх аватар, THE HU хамтлагийн гишүүд, хөгжмийн зэмсэг, орчин зэргийг технологийн дэвшил ашиглан бодит мэт бүтээжээ. Мөн тоглолтын хэсэг бүр Монголын үзэсгэлэнд байгальд болох бөгөөд уг байгалын дүрслэлүүдийг виртуал орчинд бүтээсэн байна. 

Дэлхийд анх удаа зохион байгуулагдаж байгаа мета рок тоглолт 3-р сарын 30-нд болно. Виртуал орчинд хийгдэх уг тоглолтыг дэлхийн хаанаас ч үзэх боломжтой бөгөөд тасалбарыг NFT хэлбэрээр борлуулж байгаа юм байна.

Дэлхий дахинаа метаверс хэмээх 3D виртуал ертөнцөд суурилсан шинэ нийгмийн харилцаанд манай улсын залуус хүч түрэн орж байна. Энэ нь бид оюуны бүтээлээ экспортолж гаднаас хатуу валют оруулж ирэх боломжтой гэдгийн бодит жишээ болж байгааг зохион байгуулагчид онцолж байсан юм.