Олон улсын харилцаанд зөөлөн хүчний бодлого буюу улс гүрэн түрэмгийлэл, цэрэг зэвсэг ашиглалгүйгээр нөлөөллөө тэлэх арга замыг түлхүү ашиглах болсныг судлаачид хэлж байна. Энэ нь санхүүжилт, хөрөнгө оруулалт, соёл зэрэг олон аргаар илэрдэг. Харин манай улсад 1990 оноос хойш өөр улс гүрнүүдийн соёлын зөөлөн бодлого нөлөөлж иржээ.
Зөөлөн бодлого нь хэл, соёл, урлаг, боловсрол, улс төрийн үзэл суртал, үнэт зүйл, гадаад бодлогын манлайллаар илэрдэг. Манай улс хоёр том гүрний дунд оршдог учир геополитикийн хувьд томоохон гүрнүүдийн анхаарлын төвд байдаг. Тиймээс гадны улсаас орж ирж буй зөөлөн хүчний нөлөөллийг ямар чиглэлээр, хэрхэн явж байгааг төрийн бодлого, судалгааны хүрээлэнгүүдийн хэмжээнд судлах шаардлагатай байдаг байна.
Зөөлөн хүчний бодлого улс гүрний нөлөөллөө тэлэх аргаас гадна эдийн засгийн хувьд томоохон нөлөөтэй байна. БНСУ гэхэд л дотоодын гоо сайхны бүтээгдэхүүнийг киногоороо дамжих сурталчилж, зүүн АЗИ-д 5 тэрбум орчим долларын зах зээл бий болгожээ.
Судалгаагаар АНУ-ийн зөөлөн хүчний бодлого нь гол төлөв соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилалаар илэрхийлэгддэг. Харин Япон улс хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гэх мэт санхүүгээр дамжуулан бодлогоо явуулдаг. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд сүүлийн үед зөөлөн хүчний бодлогоо эрчимжүүлж байгаа бөгөөд үүний илрэл нь “Бүс ба Зам” санаачлага гэдгийг олон улсын судалгаанд дурджээ.
Манай улсын хувьд гадны улс руу соёлын зөөлөн бодлого явуулахаас илүү дотооддоо соёлоо сурталчлах, таниулахыг урьтал болгох хэрэгтэйг хэлж байна.
Иймээс хүүхдүүдийн суурь боловсрын сургалтын системд соёлын агуулгыг суулгах шаардлагатай байгааг хэлж байсан юм.