3-р сарын 5-ыг хүртэл төрийн болон орон нутгийн өмчит бүх музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ
Жил бүрийн 3-р сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Энэ дагуу 3-р сарын 5-ыг хүртэл иргэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит музейгээр  үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм. Мөн музей бүр үндэсний түүх, соёлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн, сургалтын хөтөлбөр явуулж байна.

Манай улсад төрийн болон орон нутгийн өмчит 35 музей үйл ажиллагаа явуулдаг. 25 нь орон нутагт, 10 нь Улаанбаатар хотод байрлаж байна.

Тэгвэл эдгээр музей 3-р сарын 5-ныг хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, бүх насны иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр улсын хэмжээнд 8500 гаруй хүн музей үзжээ.

Соёлын сайдын тушаалаар жил бүрийн 3-р сарын эхний долоо хоног хэрэгждэг “Музейн нээлттэй өдрүүд”-д хөтөлбөр нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ өдрүүдэд музей бүр өөрсдийн онцлогоор үндэсний соёл, түүх, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн иргэдийн насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.