Украины дайн эхэлснээс хойш С.Лавров, Э.Блинкен нар анх удаа нүүр тулж уулзлаа

Өнгөрөгч пүрэв гарагт Энэтхэгийн Шинэ Дели хотноо “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт эхэлсэн байна. Чуулганы үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Украины дайн эхэлснээс хойш анх удаа нүүр тулж уулзсаныг хэвлэлүүд онцолжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар 10 орчим минут нүүр тулж уулзсан бөгөөд Энтони Блинкен “ОХУ эзлэн түрэмгийллээ нэн даруй зогсоож, стратегийн цөмийн зэвсэглэлийг бууруулахаар тохиролцсон гэрээний үүргээ биелүүлэхийг уриалсан хэмээн Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлсэн байна.

Харин ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд “Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар 10 хүрэхгүй минут уулзсан байна. Талуудын хооронд ямар нэгэн яриа хэлэлцээ өрнөөгүй, ердөө хэдэн үг солилцоод салсан” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл Энтони Блинкен “Төлөвлөөгүй үедээ ч дипломат уулзалт хийхэд бэлэн байхыг Москвагийн талд сануулсан. Мөн дэлхий дахинд АНУ, ОХУ хэмээх хоёр улсын харилцаанд юу тохиолдож байгаагаас үл хамааран АНУ үргэлж стратегийн зэвсгийг хянах чиглэлд оролцож, ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байх болно гэдгийг Кремлийн талд илэрхийлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлэхдээ онцолжээ. Үүний дараагаар Сергей Лавров сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Дайныг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа Өрнөдийн улсууд хариуцлагаа хүлээх болно” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Эргэн сануулахад, пүрэв гарагт “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт Украины дайны асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй тул уулзалтын дараах хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй юм.