Украинаас Польш улс руу дүрвэсэн хүний тоо 10 саяд хүрчээ

Орос Украины дайн эхэлснээс хойш Польш улсын хилээр 10 сая орчим Украин иргэн нэвтэрсэн буюу дүрвэгчийн статусаар бүртгэгдсэн байна. Энэ талаар Польш улсын хилийн хяналтын албанаас өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.

“Өнгөрсөн жил Украин улсад дайн эхэлснээс хойш манай улс дүрвэгсдийн болон шилжилт хөдөлгөөний томоохон давлагаанд өртөөд байна” хэмээн холбогдох албанаас мэдээлжээ.

Украинаас Польш улс руу дүрвэсэн хүний тоо хамгийн сүүлийн мэдээллээр 10 сая давсан бөгөөд өнгөрсөн лхагва гарагт л гэхэд 20 мянга гаруй Украин иргэн Польш улсын хилээр нэвтэрсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн оны 2-р сарын 24-нд эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш Украины 8000 гаруй энгийн номхон иргэн амиа алдсан төдийгүй Украины иргэд аюулгүй улс, орнууд руу дүрвэсээр байна.

Украины иргэд Польш улсаар дамжин Европын бусад улс орнууд руу ихээр дүрвэж байгаа бөгөөд тэдгээрээс хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон тохиолдлууд ихээр бүртгэгдэж байгаа талаар Европын холбооны цагаачлалын асуудал хариуцсан газраас мэдээлсэн байна.