Энэ жил улсын эдийн засгаас шалтгаалж 200 орчим оюутныг цэргийн албанд татна

Оюутан цэрэг хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 6000 орчим оюутан уг хөтөлбөрт хамрагдсан байна. Уг хөтөлбөрт жилдээ 400-500 оюутан хамрагддаг. Харин энэ жил улсын эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаас шалтгаалж 200 орчим оюутныг цэргийн албанд татахаар болжээ.

Цэргийн албанд татагдах оюутнуудад дараах шаардлагуудыг тавигдана. Үүнд

  • Улаанбаатар хотод их дээд сургуулийн i дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн шаардлага хангасан

Эдгээр шаардлагыг  хангасан оюутнууд e-mongolia системээр оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлнэ. Нэг оюутныг оюутан цэрэг хөтөлбөрт хамруулахад төрөөс нэг сая таван зуун мянган төгрөгийн төсвийг зарцуулдаг байна. Энэ онд төрөөс 200 гаруй сая төгрөгийн  төсвийг олгосны дагуу 200 орчим оюутныг уг хөтөлбөрт хамруулахаар болжээ.

Оюутнууд цэргийн алба хааснаар бие бялдрын хөгжил сайжрах, төрийн албан хаагч болох шалгуурыг хангах, сурлага хүмүүжилд нь ахиц гарах зэрэг олон эерэг талуудтай.

Өмнө нь оюутан цэрэг хөтөлбөрт хөдөө  орон нутгийн оюутнуудыг хамруулдаг байсан ч төсөв багассанаас шалтгаалж зөвхөн нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн оюутан, суралцагчдыг хамруулна.