ОХУ-ын улс төрийн суртал ухуулагчид Тwitter, Facebook цахим сүлжээний хэрэгслүүдээр дамжуулан худал мэдээлэл нийтэлж байна

ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн худал мэдээлэл, албаны мэдэгдэл, Украины дайны талаарх худал, ташаа ойлголт өгөхүйц нийтлэлүүдийг Twitter, Facebook зэрэг цахим сүлжээний платформуудаар түгээсээр байна. АНУ-ын эрх баригчид Орос улсын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүдэд Кремлийн удирдлагуудтай холбоотой худал мэдээлэл тарааж, нийгэмд нөлөөлөхийг таслан зогсоох гэж оролдсон ч бүтэлгүйтсэнийг судалгааны байгууллагаас мэдээлжээ.

Өнгөрсөн онд ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхлэхтэй зэрэгцэн Facebook цахим сүлжээний платформд хэдэн сая хуурамч хаяг шинээр бүртгэгдсэн бөгөөд МЕТА компанийн зүгээс тус хаягуудыг идэвхгүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа ч өнөөг хүртэл үр дүнгээ өгөхгүй байгаа тухай мэдээлжээ. Гэсэн хэдий ч МЕТА компанийн удирдлагууд Facebook сүлжээнд Украины дайнтай холбоотой баталгаатай бус эх сурвалжаас авсан худал мэдээллийг хязгаарлахаар ажиллаж байгаа юм байна.

Харин Твиттер компанийн удирдлагууд сүлжээн дэх хуурамч хаягуудыг цэгцлэхийн тулд төлбөртэй тусгай үйлчилгээний алгоритмыг нэвтрүүлсэн юм. Энэ нь тухайн цахим сүлжээн дэх хаягийг эзэмшигч өөрийн хаягаа албан ёсны болохыг нотлохын тулд сар бүр найман америк доллар төлөх бөгөөд ингэснээр өгөгдлийн шинжээчид, хуурамч мэдээлэл шалгагчид хэрэглэгчийн нийтлэх мэдээлэлд хяналт тавихад илүү хялбар болох юм байна. Гэхдээ хөндлөнгийн судалгааны байгууллагуудын мэдээлснээр “ОХУ-ын эрх баригчид твиттер сүлжээнд баталгаажсан хаягуудыг худалдаж авах тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа ч нөгөө талд хяналт сайжирснаар хүмүүсийг төөрөгдүүлэх хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлж чадаж” байгаа гэжээ. Тэгвэл саяхан үүнтэй ижил шийдвэрийг МЕТА компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг танилцуулсан бөгөөд баталгаажсан цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгосноор хяналт сайжирч, хүмүүст зориудаар нөлөөлөх оролдлого багасна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн “Вагнер” группийн Тэргүүн Евгений Пригожин 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд интернэт судалгааны байгууллагыг санхүүжүүлж байсан төдийгүй олон сая хуурамч хаягийг ашиглан цахим сүлжээнд хуурамч мэдээлэл тарааж байсан талаараа мэдээлсэн байна. Түүнчлэн тэрээр өнгөрсөн оны 11-р сард явагдсан АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн талаараа ч ярьжээ.

Энэ мэт цахим сүлжээний хэрэгслээр нийгэмд нөлөөлөх оролдлогууд гарсаар байна. Өнгөрсөн оны 12-р сард Твиттер сүлжээнд хязгаарлалтын дэглэмийг зөрчих нь үхлийн аюултай талаар олон сая жиргээ нэг цаг мөчид нийтлэгдсэн ч Хятад улсын иргэд эвлэлдэн нэгдэж эсэргүүцлээ илэрхийлснээр үр дүнд хүрсэн юм. ОХУ-ын хуурамч хаягууд нь ихэвчлэн эх оронч мэт дүр эсгэсэн мэдээлэл нийтэлдэг бол Хятадын тролл хаягууд хэт туйлширсан эсвэл хэт сэтгэл зүйд суурилсан контентууд нийтэлдэг байна. Гэхдээ зөвхөн Орос, Хятадад бус АНУ-д ч мөн хуурамч хаягуудаар дамжуулан мэдээлэл түгээх үйлчилгээ үзүүлдэг хууль бус компаниуд байдаг ч тус бүс нутгийн иргэд тухайн мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг тул өргөн хүрээг хамарч чаддаггүй байна.